“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн явц байдал, хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдрийн ээлжит хуралдаанд танилцууллаа. Улмаар нүүрсний ачилт, тээвэрлэлт, экспортын валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад шаардлагатай бүх талын дэмжлэг, тусалцаа үзүүлж, хамтран ажиллахыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагуудад даалгав.
Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат томилогдсоноосоо хойш тус компани уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг мөн нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 болгон бууруулах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах, нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх хэлцэл хийж эхэлсэн зэрэгарга хэмжээ авчээ. Засгийн газрын хуралдааны дараа тэрбээр мэдээлэл хийсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө батлан, нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх үе шатыг оновчтой зохион байгуулах, хяналтыг сайжруулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Засгийн газраас өгсөн энэ үүргийг биелүүлэх боломжтой” гэв. Өөрөөр хэлбэл, энэ онд багтан 500 сая ам.доллар оруулж ирэх боломжтойг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч хэллээ.
Мөн тэрбээр “Намайг ажил авахад 200-300 тээврийн хэрэгсэл 20-30 мянган тонн нүүрс гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрс нэг өдөрт гаргалаа. Цаашдаа 500 сая ам.долларт хүргэхийн тулд өдөрт багадаа 84 мянга, сард 2.5 сая тонныг гаргах шаардлагатай. Валютын нөөцийг нэмэгдүүлэх үүргийг аравдугаар сарын 5-нд Засгийн газрынтогтоолоор өгсөн. Тухайн үед “Эрдэнэс Тавантолгой” өдөрт 200 машинаар 19.8 мянган тонн нүүрс гаргаж байсан юм байна. Энэ нь Засгийн газрын тогтоолыг оновчтой хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахдаа удаашралтай байсан гэсэн үг. Түүнчлэн тус компанид байгаа дөрвөн оффтейк гэрээг ил болгох асуудлаар Засгийн газарт хандсан. Нөгөө талтайгаа ярилцаж, хуулийн хүрээнд ажиллана” гэлээ. Түүнчлэн компанийг эрсдэлд оруулахуйц, барьцаагүй, хувийн хэвшлийн компанид давуу байдал өгөх эрсдэл үүсгэсэн үндэслэлээрСанхүүгийн, Худалдан авалтын албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, Уул уурхайн болон Дотоод хяналтын газрын даргын албан тушаалтай таван хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Тэднийг шалгуулахаар АТГ-т хандсан байна.
Бэлтгэсэн Б.Уран