“Олон улсын уул уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн” (International mining and resources conference) энэ сарын 2-4-нд Австралийн Сиднейд болно. Эл хурал, үзэсгэлэнгийн өмнө УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөл манай улсын уул уурхайн салбарт, тэр дундаа ашигт малтмалын хайгуулын чиглэлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн, Австралийн компаниудын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр Монголын ашигт малтмалын нөөц, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын боломж, давуу тал, мөн тулгарч байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга замууд, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улс геологийн өвөрмөц тогтоц, ашигт малтмалын хэтийн төлөв өндөртэй, сонирхол татахуйц гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлжээ. Мөн уул уурхай, түүнийг даган бий болдог бүтээн байгуулалтаас үр шим хүртэх гинжин хэлхээг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдын сонирхсон талбайд хайгуул хийх боломж олгох, металлын төслүүдээс гадна нүүрсэнд агуулагдаж буй метан хийн хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын дараах улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлд анхаарахыг хүссэн байна. Ташрамд дурдахад, дээр дурдсан IMARC нь Австралийн уул уурхайн салбарын хамгийн том, нөлөө бүхий хурал, үзэсгэлэн аж.
Бэлтгэсэн Б.Сонор