Төвбанк өнгөрсөн аравдугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авснаа өчигдөр мэдээллээ. Улмаар энэ он гарснаас хойш нийт 17.2 тонн үнэт металл худалдан авсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад таван хувиар буурсан дүн болов. 2022 он гарснаас хойш Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.26, Баянхонгор дахь нь 1.23 тонн үнэт металл авсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх ханшаар тогтоодог. Өнгөрсөн сард нэг грамм алтыг дунджаар 189 179 төгрөгөөр худалдан авчээ.
Тус банк 2018 оны эхний 10 сард 17.75 (уг онд нийт 21.87), дараа жил нь 12.9 (15.2), 2020 онд 19.23 (23.56), өмнөх жил 18.16 (20.8) тонн үнэт металл худалдан авсан статистик бий. Сонирхуулахад, 2021 оны долдугаар сард Монголбанк 1.7, дараа сард нь 1.96, есдүгээр сард 1.98, аравдугаар сард 3.23, арваннэгдүгээр сард 1.86 тонн, арванхоёрдугаар сард 780 кг үнэт металл худалдан авч байв.
Бэлтгэсэн Б.Сонор