Боомтын сэргэлтийн үндэсний хорооны анхны хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн ор логыг бүрдүүлэхэд гол нөлөө үзүүлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортын хэмжээ, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг тус хуралдаанаар хэлэлцэв. Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр танилцууллаа. Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уртын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах ёстой гэсэн байр суурьтай байна. Өдөрт хилээр гаргах нүүрс тээврийн автомашины тоог БНХАУ-ын тал тодорхойлдог учир халдвар хамгааллаа сайтар баривал машины тоог нэмэх боломжтой. Мөн жолооч нарын ажил, амьдралын нөхцөл байдалд анхаарах, Цагаанхад суурьшлын бүсэд цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг шийдэх, эмнэлэг барих зэрэг шаардлага байгааг хорооны гишүүд онцоллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” ХК 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой” гэв. Хилийн боомтын захиргааны дарга Ш.Лхачинжав Гашуунсухайтын боомтын тээвэр зохицуулалтын талаар тус хуралдаанд танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан сайд Д.Амарбаясгалан “Боомт шинэчлэн, хөгжүүлэхдээ тэнд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх нь чухал” гэсэн бол Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Боомтын сэргэлтийн үндэсний хороо цаашид хилийн боомтод ажиллаж байгаа ажилчдын ундны ус, цахилгааны эх үүсвэрийг хэрхэн шийдэж, суурьшлын бүс болгох вэ гэдэгт нэгдсэн төлөвлөгөө гаргаж, анхаарч ажиллах шаардлагатай” хэмээлээ. Хуралдааны төгсгөлд Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрсний тээврийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолынтөслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.