Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” алтны “Баян хөндий” төслийн талбайд хэд хэдэн цооногт газрын дөт гүнд өндөр агуулгатай алт илрүүлснээ мэдээллээ. Энэ талаар тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петер Акерли “Баян хөндийн ТЭЗҮ-ийг боловсруулснаас хойш гүйцэтгэсэн хайгуулын өрөмдлөг болон “Хар морь” талбайд шинэ нээлтээр энэхүү хоёр орд нь газрын гадаргад ойр, маш өндөр алтны агуулгатайг баталгаажуулсан. Өндөр агуулгатай эдгээр бүс нь Баян хөндийн ордын хөгжүүлэлтийн анхдагч уурхайн хэсэг болох төлөвтэй байна. Өрөмдлөгийн үр дүнд уг ордыг ашиглахаар гурван үе шаттайгаар төлөвлөсөн ил уурхайн талбайд маш өндөр агуулга бүхий алт газрын гадаргаас эхлэн бийг баталж, нэмэлтээр боловсруулалтын туршилтууд хийх шаардлагатайг харууллаа” гэжээ. Эл компанийнхан 2022 оны гуравдугаар улиралд Баян хөндийн төлөвлөсөн уурхайтай ойр зорилтот гурван талбайд газрын дөт гүнд нийт 612 метр (дунджаар 17 метрийн босоо гүнд) 25 PQ алмазан цооногоос бүрдсэн өрөмдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн аж. Улмаар гурван бүсэд өндөр агуулга бүхий бүсүүд тасралтгүй үргэлжилж буйг баталгаажуулсан гэнэ. Ташрамд дурдахад, Баян хөндийн орд нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт оршдог билээ.
Бэлтгэсэн Б.Сонор