Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь Баян хөндийн алтны ордын хөгжүүлэлтийн хүрээнд байгуулсан Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн, байгаль орчин, нийгэм, засаглалын хөтөлбөрийнхөө талаар танилцууллаа. Тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Гэрээг шинэчилснээр бидний сүүлийн 12 сарын хугацаанд хийсэн нэг сая ам.долларын (3.4 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалтаас гадна ирэх хоёр жил орон нутгийн хөгжлийн төслүүдэд 1.2 сая ам.доллар (4.1 тэрбум төгрөг) зориулна. “Хөндий” алтны дүүргийн бүтээн байгуулалт нь Монголын баруун өмнөд бүсэд эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэх боломжтой” гэжээ. Санхүүжилтийн 60 орчим хувийг Баянхонгор аймаг дахь, үлдэх хувийг нь хоёр сумын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах аж. Эл гэрээнд тусгасан хөрөнгийг дээрх компанийн болон орон нутгийн төлөөллүүдээр ахлуулсан ашгийн бус байгууллага удирддаг гэнэ.
Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд энэ оны гуравдугаар улиралд усны нөөцийг иргэдийн оролцоотой хянах хөтөлбөр санаачилжээ. Улмаар орон нутгийн иргэд компанийн ажилтнуудтай хамт төслийн талбай болон үйл ажиллагаа явуулж буй сум орчмын нутаг дэвсгэрт сонгосон цэгүүдийн усны түвшнийг шалгах боломж бүрдүүлсэн аж. Бас төслийн талбай дахь, компанийн 150 орчим хүний багтаамжтай хотхоноос үүссэн ахуйн хог хаягдлын хэмжээг бууруулах, дахин боловсруулахад анхаарч байгаа төдийгүй уурхайн эрчим хүчний 20 гаруй хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангахаар төлөвлөжээ. Түүнчлэн “Баян хөндий” төслийн хоёр га газарт ургамалжуулалтын талбай байгуулсан аж. Мөн ТУЗ-ийн гишүүд, удирдлагын баг болон бүх ажилтан нь жил бүр сургалтад хамрагдаж, компани, бизнесийн ёс зүйн дүрмийг мөрдлөг болгож байгаа зэргийг дурдлаа.
Бэлтгэсэн Б.Сонор