Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани “Оюутолгой”-н гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланг цахим хуудсандаа танилцууллаа. Эл хугацаанд “Оюутолгой” компани 36.3 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх улирлынхаасаа 19 хувиар өссөн, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 13 хувиар буурсан дүн болов. Тэгвэл 42.7 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь хоёрдугаар улирлынхтай харьцуулахад 10, 2021 оны мөн үеийнхээс 67 хувиар багассан гэсэн үг. Тус компани энэ онд 110-150 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлөвөө хэвээр үлдээжээ. Харин 150-170 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөгөө 165-185 мянга болгон өсгөсөн байна. Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал энэ оны гуравдугаар улиралд 26.1 сая тоннд хүрсэн нь өмнөх улиралд нь эл дүн 25.5 сая байснаас дээшилсэн үзүүлэлт болов. Мөн боловсруулсан хүдрийн хэмжээ 10.68 сая тоннд хүрсэн нь хоёрдугаар улирлынхаас 10, 2021 оны мөн үеийнхээс 14 хувиар илүү гэсэн үг. Гүний уурхайн хөрөнгийн зардал энэ онд 1.1-1.3 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн төсөөлж байсан бол 1-1.1 тэрбум болгон бууруулжээ.
Бэлтгэсэн Б.Сонор