Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дөрвөн багц ажилд хуваан хэрэгжүүлж буй. Нэгдүгээр багц буюу технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си прожектс Индиа” компани өнгөрсөн жилээс гүйцэтгэж эхэлсэн. Одоогоор уг ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээлэв. Хоёрдугаар багц буюу анхдагч процессын болон дагалдах байгууламж, гуравдугаар багц болох үйлдвэрийн цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болоод буй аж. Түүнчлэн үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн долоон байгууламжийн зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажил дуусах шатандаа ороод байгаа гэнэ. Энэхүү багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар ажиллаж буй юм байна. Хоёр, гуравдугаар багц ажлын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах болон төслийн ажилд тулгамдсан бусад асуудлыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар танилцуулахаар болжээ.
Бэлтгэсэн Б.Сонор