Цахим гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах “Running world cup-2022” тэмцээний шувтаргын шатанд шалгаран оролцсон Монгол Улсын баг гуравдугаар байрт орж, хошой хүрэл медальтан боллоо. Гурван үе шаттай эл тэмцээнд 200 гаруй орны баг оролцсон юм. Монгол Улсын багт дэлхийн өнцөг булан бүрээс 2000 орчим гүйгч нэгдсэн бөгөөд манай оролцогчид сүүлчийн шатанд нийт 10 308 км замыг гүйж туулжээ. Монголчууд “Үндэстнээрээ нэг баг болон гүйцгээе” уриатай баг бүрдүүлэн, хоёр дахь жилдээ эл нэр хүндтэй тэмцээнд оролцон, өндөр амжилт үзүүллээ. Оролцсон улс бүр багийн ахлагчтай. Тухайлбал, Ямайка улсын багийн ахлагч нь алдарт тамирчин Усайн Болт байв. Харин Монголын багийн ахлагчаар Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг “MGL running channel”-ийн БНСУ дахь төлөөлөгч Л.Ира сонгогджээ. Мөн албан ёсны зохион байгуулагчаар “MGL running channel” ажиллалаа. Тус тэмцээнд Өмнөд Африк, Украин улс алт, мөнгөн медаль хүртжээ. Цахим гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор дэлхийн бусад улстай зөвхөн гүйлтээр өрсөлдөөд зогсохгүй бөмбөрцөг даяар эх орноо сурталчилж, өөртөө эрүүл амьдралын хэвшлийг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид онцолсон байна.