Спортын төв ордонд үргэлжилж буй волейболын залуучуудын УАШТ-д эрэгтэйчүүдийн 15, эмэгтэйчүүдийн 10 баг өрсөлдлөө. Тус тоглолтод энэ удаа эрэгтэйчүүдээс дасгалжуулагч Ч.Отгонбаярын удирдлагад “Минжит булган залуу монгол”, Б.Болдбаатарын удирдлагад “Хөвсгөл шинэ үе” багийнхан анх удаа оролцов. “Залуу монгол”-ын залуус “Аранзал” багийнхныг, А.Мөнхбаяр дасгалжуулагчтай, “Алтайн барс хилчин”-гийнхэн Өмнөговь аймгийн “Шанх транс”-ынхныг илүүрхэж хагас шигшээд шалгарсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн багийн хагас шигшээ тоглолт өнгөрсөн даваа гарагт өндөрлөж, медалийн төлөө өрсөлдөх багийнхан тодорсон. Дасгалжуулагч Б.Хэрлэнгийн удирдлагад бэлтгэл базаасан “Энагура”-гийнхан “Тэнүүн огоо”-г, “Хилчин”-гийнхэн “Улаанбаатар” багийнхныг тус бүр 3:0-ээр хожиж, аваргын төлөө шалгарав. Тэгвэл эрэгтэйчүүдийн хагас шигшээд Б.Амар ахлагчтай “Минжит булган залуу монгол”-чууд анх удаа тоос өргөж байгаа гэхэд “Алтайн барс хилчин”-гийнхэнтэй ана мана тоглож, тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо. Хожлыг шийдвэрлэх IV ээлжийн тоглолтод “Алтайн барс хилчин”-гийнхэн эсрэг багийн онооны харьцааг 25:18 болгон тэргүүлж эхэлсэн. V ээлжид хоёр багийнхан гал гартал тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татсан юм. Өрсөлдөөн үргэлжилсээр Б.Мөнхсайхан ахлагчтай “Алтайн барс хилчин”-гийнхэн 15:8-аар өрсөлдөгчөө илүүрхэж, хурд, хүч, мэдрэмжээр илүү гэдгээ харуулан, “Баянхонгор” багийнхантай аваргын төлөө тоглохоор шалгарав. “Баянхонгор корунд гео” багийнхан энэ жилээс дасгалжуулагчийн карьераа эхлүүлж буй А.Очгэрэлийн удирдлагад уг тэмцээнд оролцлоо. А.Очгэрэл өмнө нь волейболын шигшээ багт холбогчоор олон жил тоглосон туршлагатай шилдгүүдийн нэг. Тэд 2018, 2019 онд залуучуудын УАШТ-д түрүүлсэн “Эрчим” багийнхантай хагас шигшээд өрсөлдөж, тоглолтыг мөн л сонирхолтой өрнүүллээ. IV ээлжид “Баянхонгор”-ын тоглогчид эсрэг багийнхныг 25:21 болгож, хожлыг өөрийн талд эргүүлсэн. Баянхонгорчууд Үндэсний дээд лигт оролцдог шилдэг тоглогчоор багаа бүрдүүлжээ. Сүүлийн жилүүдэд орон нутгийн багуудаас аваргын төлөө өрсөлдөөгүй. Хэрвээ “Баянхонгор корунд гео” багийнхан хожвол Монголын волейболын спортод нэгэн түүхэн амжилт бичих юм. “Баянхонгор”-чууд V ээлжид эсрэг багийнхныг 15:13-аар хожиж, аваргын төлөө “Алтайн барс хилчин”-гийнхэнтэй тоглох болсон. Тэмцээний сүүлчийн өдөр буюу өчигдөр хүрэл медалийн төлөөх тоглолт “Хилчин”, “Тэнүүн огоо” багийнхны өрсөлдөөнөөр эхэлсэн. Энэ удаа А.Батжаргал дасгалжуулагчтай “Тэнүүн огоо”-гийнхон IV ээлжийн тоглолтод оноог 21:13, V ээлжид 24:14 болгож хошуучилснаар хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдээс медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод “Минжит булган залуу монгол”-ынхон “Эрчим”-ийнхнийг 3:1-ээр буулгаж авснаар анх удаа хүрэл медалийн эзэн болсон юм. Эмэгтэйчүүдээс аваргын төлөө “Энагура”-гийнхан “Улаанбаатар” багийнхантай тоглосон.
Залуучуудын УАШТ болон үндэсний дээд лигт алтан медаль цөөнгүй гардсан хүчтэй багийнхантай эн тэнцүү үзэлцэж, багагүй сандраасан. Энэ удаа “Энагура”-гийнхан өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, найм дахь удаагаа улсын аваргаар тодорлоо.