Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж Мухаммед бин Салман Абдул Азиз Аль Сауд өнгөрсөн сарын 27-ноос Ерөнхий сайдын албыг хаших боллоо. Тэрбээр хаан Салман ибн Абдул Азиз Аль Саудын хүү бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. Бас Эдийн засгийн болон хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга, Хааны шүүхийн тэргүүн, 2017 оны арваннэгдүгээр сараас Авлигын эсрэг хороог удирдаж байгаа юм.
Тэрбээр Хаан Салман, гэргийн Фахда бинт Фалих Аль Хислаяны зургаан хүүгийн ахмад нь болж 1985 оны наймдугаар сарын 31-нд төржээ. 2008 онд Сара бинд Машхур Аль Сауд хэмээх үеэл эмэгтэйтэйгээ гэрлэв. Эднийх гурван хүү, хоёр охинтой. Эр-Рияд хотын дунд сургуульд сурч, Хааны их сургуулийн эрх зүй, улс төрийн шинжлэх ухааны коллежийг бакалавр мэргэжилтэй төгссөн байна. Хунтайж сургууль төгсөөд эхний 10 жилд янз бүрийн алба хашиж, бизнес эрхэлж, хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж, буяны үйл ч хийж байж. Сайд нарын танхимын дэргэдэх шинжээчдийн товчоонд зөвлөхөөр ажиллаж карьераа эхлүүлжээ. Хажуугаар нь Эр-Риядын амбан захирагчийн зөвлөхөөр томилогдож, Эр-Риядын өрсөлдөх чадварын төвийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
2009 оны арванхоёрдугаар сарын дундаас эцгийнхээ тусгай зөвлөхөөр ажилласнаар улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлэв. 2012 онд угсаа залгамжилсан хунтайж Наифыг нас барсны дараа түүний орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайдын суудалд суусан юм.
Хунтайж Мухаммед Салман улсдаа хариуцлагатай олон өндөр албан тушаалд томилогдон амжилттай ажиллаж, ажил, албаны шатаар байнга өгсөж явсаар сая Ерөнхий сайд болсон тул хийсэн ажлыг нь тоочихоос энэ удаа зайлсхийлээ. Хааны хүү, угсаа залгамжилсан хун тайжийн зам үүнээс өөрөөр байх аргагүй биз. Тиймээс түүний амьдралын сонирхол татам зарим үйл явдлын тухай өгүүлье.
Саудын Арабын үе залгамжилсан хунтайж Мухаммед бин Салманы гаргадаг ааш араншин нь чинээлэг айлын эрх танхи хүүгийнх гэлтэй. Эрчим хүчний хямралаас үүдэж Европын олон удирдагч анхаарлаа Ойрхи Дорнодын орнууд руу хандуулах болсон. Оросын түлшийг орлох бүтээгдэхүүн хайх явцад Саудын Араб, бүр тодруулбал, үе залгамжилсан хунтайж Мухаммед бин Салман тэдний анхааралд өртсөн юм. Сүүлийн үед чухам хунтайж л улс төрийн удирдагчидтай яриа хэлэлцээ хийж, түүний хэлсэн зарим онцгой содон үг, үйл хөдлөл, дохио зангаа нь ч хүмүүсийн сэтгэлд хадгалагдан үлдэх болсон байна. Тэрбээр дохио зангаа хэрэглэх дуртай аж. Үүгээрээ харилцагч этгээддээ хэрхэн хандаж байгаагаа илэрхийлж, хэвлэлийн анхаарлыг ч татдаг байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены айлчлалын үеэр Мухаммед бин Салман түүнтэй “нударгаа зангидаж” мэндэлсэн аж. Уг нь өсвөр насныхан, тамирчид л сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буйгаа ийн илэрхийлдэг.
Хунтайжийн өөр нэг нөхөрсөг мэндчилгээ 2018 онд “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүмүүсийн анхаарлыг татжээ. Эр-Рияд, Москвагийн хэлэлцээр амжилттай болсонд сэтгэл нь хөдөлсөн Мухаммед бин Салман ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй мэндлэхдээ өрөөсөн гараа алгаар нь харуулан дээш өргөсөнд цаадах нь ч ийм байдлаар тэр даруй хариу барьсан гэдэг. Найз нөхөд л ингэж мэндлэлцдэг, энэ нь эв санааны нэгдэлтэй, элэгсэг дотно байгаагийн илэрхийлэл болдог.
Аливаа хүн тангараг өргөхдөө баруун гараа зүрхэн тус газраа тавьдаг. Энэ нь үнэнч, цэвэр ариуныг илэрхийлдэг. Мухаммед бин Салман ч, “чин зүрхээсээ хандаж байгаагаа” ийн харуулдаг аж.
Хүн аливаа илүү үйлдэл хийх, үг хэлэхээс өөрийгөө зайлсхийлгэхийн тулд нэг гарынхаа бугуйг нөгөө гараараа барьдаг. Энэ үедээ түүний сэтгэл түгшүүртэй, тайван биш байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нефтийн зах зээлийн байдлыг ярилцахаар Саудын Арабад айлчлах үеэр угсаа залгамжлагч хунтайж ийм байдалтай сууж байсан юм гэнэ лээ. Анзаарваас Мухаммед бин Салман ярилцагчийнхаа тавьж буй саналыг дотоод сэтгэлдээ зөвшөөрч буй ч өөрийнх нь шийдвэр удаан хугацаанд ашигтай байна гэдэгт эргэлзэж, болгоомжилсон болов уу. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай ярилцахдаа тэрбээр үүнтэй төстэй үйл хөдлөл бас үзүүлж байсан гэдэг.
Хоёр гарынхаа алгыг доош харуулах нь тайвшрахыг уриалж байгаа утгыг илэрхийлдэг. Яриа хөөрөө эв найртай урсгал чиглэлд оруулахыг хичээхдээ Мухаммед бин Салман ийм үйлдэл хийх нь цөөнгүй. Маргаж мэтгэлцэж байх үедээ дайснаа тайвшруулах, эвлэрэх, түүнийг өөрийн холбоотон болгох зорилгоор зуучлагчид ийм үйлдэл их хэрэглэдэг.
Гараараа духаа илэх нь таагүй бодлоос салахыг хүсэж буйн илэрхийлэл болдог байна. Тэгвэл ийм үйлдэл нь хунтайж Мухаммед төвөгтэй шийдвэр гаргахын тулд ухаан санаагаа төвлөрүүлэхийг хичээж буйг нь илэрхийлдэг аж. Ихэнх тохиолдолд ийм хөдөлгөөн тухайн хүн уур бухимдлаа гадагш гаргахгүйг мэрийж буйг харуулдаг гэдэг.
Хоёр гараараа нөгөө хүнийхээ нэг гарыг атгах нь дипломат ёсны мэндлэл хүндлэл бөгөөд Мухаммед бин Салман ингэж хандах нь их. Чеченийн удирдагч Рамзан Кадыровтой уулзахдаа ингэж хандаж байв.
Дэлхийн удирдагчид XIX зуунд үндэсний хувцсаа өмсөх нь ховор байв. Эр-Риядад харин уламжлалдаа өндөр түвшинд хүндэтгэлтэй хандана. Саудын Арабын хаан, угсаа залгамжилсан хунтайж нар гандура гэж нэрлэдэг цагаан торгон цамц өмсдөг. Түүний гадуур бишт хэмээх алтан шаргал, хар, хүрэн, саарал өнгийн нөмрөг хэрэглэнэ. Толгойгоо жижигхэн дөрвөлжин хээтэй улаан, цагаан өнгө хосолсон гутра гэж нэрлэх алчуураар халхална. Алчуураа унагачихгүйн тулд тэмээний ноосоор хийсэн цагираг угалчихна. Ёслолын хувцас нь их нарийн төвөгтэй болохоор Мухаммед бин Салман байсхийгээд түүнийг засаж байх нь анзаарагдана.
2017 оны арванхоёрдугаар сард “Time” сэтгүүл уншигчдын саналаар хунтайжийг оны хүнээр нэрлэж байлаа. Дараа нь “Forbes” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн наймдугаарт оруулж байв. 2017 онд Саудын Арабын хүчний бүтцэд бүрэн хяналт тавих эрхтэй болмогцоо Салман улс төрийн өрсөлдөгчид, өөрөөр сэтгэгчидтэй тэмцэх нууц кампанит ажил өрнүүлэхдээ албан ёсоор “Түргэн байрлах хүч” гэж нэрлэдэг, угсаа залгамжлагч хунтайжийн хувийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг “Бар” гэдэг отрядыг ашиглажээ. Энэ шуурхай албаныхан хүмүүсийг хулгайлж, тамлаж, шүүхийн шийдвэр гаргалгүй цаазалж байснаас АНУ-ын Сангийн яам тус байгууллага хийгээд түүний удирдлагын эсрэг хориг тавьж байв. “New York times” сонины эх сурвалжийн үзэж буйгаар, хунтайжийн бодлогыг шүүмжилдэг Саудын сэтгүүлч Жамал Хашоггийг ямар нэг аргаар Саудын Арабад ирүүлж, баривчлах тушаал Салман гаргажээ. Энэхүү Хашогги 2018 оны аравдугаар сарын 2-нд Туркийн Истамбул дахь Саудын Арабын Консулын байранд амиа алдсан юм. Тагнуулынхан энэ үхэлд хунтайж гар дүрсэн гэж үзсэн ч сэтгүүлчийн амийг хөнөөсөн энэ ажиллагааг тэр огт мэдээгүй гэж Саудын Арабын төлөөлөгч мэдэгдсэн. Хашоггийг Консулын байрнаас гарч явсан гэж хунтайж хэлсэн ч, 18 хоногийн дараа сэтгүүлчийг тэнд амиа алдсаныг Саудын Араб хүлээн зөвшөөрөв. Зарим баримтаар бол Хашоггийн амийг хөнөөхөд оролцсон гэж сэжиглэгдсэн 15 хүний долоо нь хунтайжийн бие хамгаалагч байсан гэдэг.
Хашоггийн амийг дуулиан шуугиантай хөнөөсний дараа хааны гэр бүлийн Цэцдийн зөвлөл хунтайжийг өөрчлөх боломжийн талаар ярилцаж эхэлсэн ч 85 настай хаан-эцэг амьд байхад тэд юу ч хийж чадахгүй нь мэдээж. Хааныг өөд болсны дараа түүний сэнтийд 76 настай, 40 гаруй жил Дотоод хэргийн орлогч сайдаар ажилласан дүү Ахмед ибн Абдул Азизыг нь залах хүсэлтэй хүн олон байв. Хааны ордон орчмын эх сурвалжийн баримтаас үзвэл сэтгүүлчийн амийг бүрэлгэх хэргийг санаачлан зохион байгуулсан гэж сэжиглэгдсэн төдийгүй олон улсын харилцаанд баримталдаг үзэл бодолтой нь холбоотойгоор Америкийн эрх баригчдаас хунтайжид хандах байдал эрс өөрчлөгдсөн аж. Нефть олборлох, хүнд зэвсэг нийлүүлэх талаар Оростой хамтарч ажиллах бодолтой байдгаа Мухаммед бин Салман мэдэгдэж, хүүгээ хаан дэмжиж байсан нь 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нд Эр-Риядад түүний хэлсэн үгнээс тодорхой болжээ. Улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэхээр хунтайжийн гаргаж байсан хүчин чармайлтыг дэмжихээс татгалзсаны улмаас хааны санаачилгаар садан төрлийнх нь хэд хэдэн хүнийг баривчилсан удаа бий юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант