Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх дамжлагад цахим төлбөрийн баримт үйлдэх, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэж, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох тогтолцоог энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан бий болгох, гаалийн бүрдүүлэлтийг цахимаар гүйцэтгэх тогтолцоо нэвтрүүлж, ирэх жилийн эхний өдрөөс зөвхөн уг тогтолцоогоор ашигт малтмалын үйл ажиллагааг явуулж, цахим системд бүртгүүлээгүй тохиолдолд экспортлохгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Ямар хэмжээтэй нүүрсийг хэн гэдэг худалдан авагчид нийлүүлсэн, ямар нөхцөлөөр экспортолж байгааг бүртгэлжүүлнэ. Гэрээ нь бүртгэлд ороогүй бол тухайн нүүрсийг хилээр гаргахгүй” хэмээн тодотгов. Түүнчлэн гаалийн автомат бүрдүүлэлтийн систем болон нүүрсний шинжилгээний лаборатори, ухаалаг гарцын байгууламжийг Шивээхүрэнгийн боомтод энэ онд, Гашуунсухайт, Замын-Үүдэд ирэх жилийн гурав, Ханги, Булган, Бичигтэд 2024 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, лабораторийн шинжилгээг хил дээр түргэн шуурхай гүйцэтгэж, дүгнэлтийг нь гаалийн бүрдүүлэлтэд автоматаар бүртгэж, тогтолцоонд тухай бүр шилжүүлж ажиллуулах зэрэг арга хэмжээ авахаар тогтоолд тусгажээ. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэл болон богино, дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа ил тод болж, баялгийг олон улсын үнээр худалдах боломж бүрдэх, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримтын бүртгэл хийж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоо нэвтрүүлэх, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзжээ.
Бэлтгэсэн Б.Сонор