Цацраг туяанд өртөх нь амьд организмын удамшилд сөргөөр нөлөөлж, хүсээгүй хувирал үүсгэх эрсдэлтэй. Гэхдээ зарим хувирал ашигтай. Тухайлбал, Чернобылийн атомын цахилгаан станц орчмоос Уппсалагийн их сургуулийн судлаачид хар өнгөтэй мэлхий олсон байна. Энэ нь цацраг туяанаас хамгаалах “хуяг” болохыг тэд тогтоосон аж. Судлаачид 2016-2019 онд “Hyla orientalis” төрлийн 200 гаруй эр мэлхийг шинжилж, тэдгээр нь тод ногооноор бус, бараан өнгөөр биеэ “будсаныг” илрүүлжээ. Ийм өнгө нь цацрагийн энергийг хэсэгчлэн сарниулж, ДНХ болон эсийн бүтцийг гэмтээдэг хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрийг саармагжуулдаг гэнэ.