Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан билээ. Энэ ажлын хүрээнд Кобэ хотод үйл ажиллагаа явуулж буй “Ka¬wasaki heavy industries” компанийн туршилтын төсөл, устөрөгчийн жижиг оврын цахилгаан станц, далайгаар тээвэрлэх зохион байгуулалт, хадгалалтын үйл явцтай танилцлаа. Тус компани нь Засгийн газраасаа дэвшүүлж буй дэлхийн дулаарлын эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлогыг дэмжин ажилладаг юм байна. 2015 оноос Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Викториа мужид нь хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, шингэн төлөвт шилжүүлэн, далайгаар Япон руу тээвэрлэх туршилтын төслийг хамтран хэрэгжүүлж буй аж.
Манай улс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, дэвшилт технологид суурилсан шинэ эх үүсвэрүүд нэмэх зорилт тавьсан. Мөн хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн дулаарлаас шалтгаалж улс орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэнтэй холбоотойгоор 2030 оноос хэрэглээ нь хумигдахаар байна. Манай улсын хувьд ч дэлхийтэй хөл нийлүүлж, хүлэмжийн хийг багасгах, дэвшилт технологи ашиглан эрчим хүч гарган авах зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгасан. Монгол Улс дийлэнх хэрэглээгээ нүүрсний цахилгаан станцаар хангадаг, далайд гарцгүй орон. Мөн хүрэн нүүрсний арвин нөөцтэй” гээд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзахдаа энэ талаар ярилцахаа дурдав.
Бэлтгэсэн У.Наран