ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэн энэ сарын 15-28-нд манайд ажиллалаа. Цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийсэн тэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр Ангана Банержи сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Гадаад валютын нөөц ихээхэн буурсан учраас нөхцөл байдал амаргүй байна. Ирэх онд хэд хэдэн бонд төлөх хуваарьтай байгаа. УИХ, Засгийн газар бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй. Төсөв, төрийн өмчит компаниудын зардлыг танах шаардлагатай” гэв.
Тус сангийнхан өмнө нь Монгол Улсын эдийн засгийг энэ онд нэг хувиар өснө хэмээн таамаглаж байсан. Тэгвэл эл хувиа 2.5 болгон өсгөжээ. Эдийн засаг тооцоолсноос арай богино хугацаанд хэвийн түвшинд очсон, цар тахлаас шалтгаалж тавьсан хязгаарлалтуудыг цуцалсан, экспортын хэмжээ нэмэгдсэн зэрэгтэй энэ нь холбоотой аж. Харин ирэх онд манай улсын ДНБ-ийг дөрвөн хувиар өснө хэмээн төсөөлсөн нь өмнөх тооцооллоос бууруулсан дүн юм. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх нь 2023 онд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийг дурдлаа. Гэхдээ инфляц, гадаад секторын дарамт өндөр байгаа учраас иргэдийн бодит орлогын түвшин буурч, эдийн засаг сэргэх хурд аажимдаа саарах төлөвтэй гэв.
Экспортын төлөв сайжирч байгаа ч Хятадын эдийн засгийн өсөлт саарвал Монгол Улсаас авах уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буурч болзошгүйг мөн тэмдэглэв. Ойрын хугацаанд валютын ханшид үүсэж буй дарамтыг арилгахын тулд экспортын орлогыг нэмэгдүүлээд хангалттай үр дүнд хүрэхгүй, хамгийн нөлөөтэй арга нь импортыг хязгаарлах явдал гэлээ. Тус сангийнхан төсвийн хөрөнгө оруулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж, шаардлагагүй төслүүдийг зогсоох нь зөв гэж үзэж байна. Түүнчлэн төсөвтэй адилтгах үйл ажиллагаа болох ипотекийн зээлийг цаашид Монголбанкны эх үүсвэрээр олгох нь буруу гэв. Манай улсын зүгээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаагүйг Ангана Банержи мөн тэмдэглэсэн юм.
Бэлтгэсэн Б.Сонор