Дорноговь аймгийн "Улаанбадрах" суманд ачааны вагон осолджээ. Уг ослын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн шөнө 00:20 минутын орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян чиглэлээс Хангимандал чиглэлд ачаа тээвэрлэж явсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унасан. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ын зайд Хулангийн шанд зөрлөгт осол гарсан. Цуваанд 17 вагон явж байсан. Вагонд гурван хүн зорчиж, байснаас хоёр хүнээс согтолтын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Тэдний биеийн байдал сайн, хүндээр гэмтээгүй. Ослын шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгуулга болон Зам тээвэр хөгжлийн яам, Монголын төмөр зам ТӨХК, “Болд төмөр Ерөө гол” ХХК ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэн, вагоны машинист согтуу байсан гэсэн дүгнэлт гараад байна. Харин замын чанаргүй байдлаас болж осол гарсан гэх асуудал урьдчилсан байдлаар яригдаагүй. Цаашид аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарна” гэх тайлбар мэдээллийг өглөө.