Бүгд найрамдахчууд ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн стратегиа танилцууллаа. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, инфляцыг бууруулах, өнөөгийн ардчилсан Засгийн газрын бодлого бүтэлгүйтсэн явдлыг мөрдөн шалгахыг тэргүүлэх зорилтоо болгожээ. Бүгд найрамдах намын уламжлалт чиг баримжаа өөрчлөгдсөнийг шинжээчид тэмдэглэж байна. Гадаад бодлогод гол анхаарлаа хандуулдаг консервативууд олон улсын байдал бус, жирийн америкчуудын амьдралыг сайжруулахын төлөө ажиллаж, эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Кевин Маккарти Пенсильвани муж улсад дэмжигчидтэй уулзахдаа Бүгд найрамдах намын ирэх сонгууль болон түүнээс хойш баримтлах “Америкийн өмнө хүлээх үүрэг” гэж нэрлэсэн стратегийг албан ёсоор танилцууллаа. “FoxNews”-ийн мэдээлснээр мөрийн хөтөлбөрийг улс орны өнцөг булан бүрээс ирсэн Бүгд найрамдах намын гишүүдийн оролцоотойгоор боловсруулжээ. Ингэхдээ намын удирдлага дээрээс доошоо чиглэсэн бодлого баримталдаг гэсэн сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийх зорилго тавьсан гэнэ. Эл баримт бичиг нь намын бодлогын янз бүрийн асуудлыг хариуцсан зорилтот хэсгүүдтэй, Америк даяар нэг жил гаруйн өмнө эхэлсэн ажлын үр дүн байв. Эдийн засаг, технологи, эрүүл мэнд, эрчим хүч болон бусад асуудал хариуцсан эдгээр бүлгийн дүгнэлтийг намын стратегийг боловсруулахад ашиглажээ. Конгрессын гишүүн Кевин Маккартигийн танилцуулсан стратеги нь Бүгд найрамдах намаас Америкийн сонгогчдын өмнө хүлээсэн үүргүүдийн багц юм.
Энэ баримт бичиг нь Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд дахин олонх болсон тохиолдолд юу хийхийг дүгнэх боломж олгож буй. Мөн АНУ-ын эдийн засгийн байдал муудсан учир Ардчилсан намын эсрэг болон Сенатад хяналтаа тогтоох тэмцэлд ялалт байгуулж чадна гэж Бүгд найрамдах намынхан найдаж байна. Энэ тохиолдолд уг баримт бичгийг Конгрессын дээд танхимаар дамжуулан хэрэгжүүлэх юм.
Ташрамд дурдахад, үндэсний үнэлгээний “Fivethirtyeight” цахим хуудаснаас гаргасан таамаглалаар бүгд найрамдахчууд арваннэгдүгээр сард Төлөөлөгчдийн танхимыг хяналтдаа эргүүлэн авах магадлал маш өндөр хэвээр буюу 70 хувьтай байна. Гэвч Сенатад олонх болох магадлал бага буюу 30 орчим хувьтай байгаа аж.
Кевин Маккартигийн хэлсэн үгнээс үзвэл Бүгд найрамдах нам стратегиа АНУ-д чулуужсан түлшний олборлолтыг нэмэгдүүлэх, хууль бус цагаачлалыг таслан зогсоох, гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглүүлжээ. Энэ стратеги бүхэлдээ тус улсын өнөөгийн ардчилсан удирдлагын хийж буй зүйлд туйлын шүүмжлэлтэй хандсан байна. Тодруулбал, гэмт хэрэг нэмэгдэж, эдийн засгийн нөхцөл байдал муудаж буйг Ардчилсан намын хууль тогтоогчид үл тоомсорлож байна гэж Бүгд найрамдах намын удирдагч буруутгажээ. “Ардчилсан намынхан цагдаа нарыг санхүүжилтгүй болгож, манай хүн амд юу хийснийг харж байна уу. Өдгөө Портландаас Филадельфи хүртэл гэмт хэргийн ноцтой асуудалтай тулгарсан атал прокурорууд үүнийг хэрэгсэхгүй байна” гэж тэрбээр мэдэгдэв. Бүгд найрамдахчууд гэмт хэрэгтэй төдийгүй америкчуудын амьдралын түвшин буурч байгаатай тэмцэхээ амлажээ. “Бидэнд хүчирхэг эдийн засаг хэрэгтэй. Энэ нь та шатахууны саваа дүүргэх боломжтой болно гэсэн үг юм. Та бүтээгдэхүүн худалдан авах чадамжтай болно. Цалинг бууруулах биш, өсгөх ёстой. Диснейлэнд явах, ирээдүйдээ зориулан хуримтлуулах хангалттай мөнгөтэй байна” гэж К.Маккарти хэлэв. Мөн “Бид аюулгүй үндэстэн бий болгох төлөвлөгөөтэй. Энэ нь таны амьдрах орчин хамгаалалттай, хууль сахиулах байгууллагууд хүндлэгдэнэ гэсэн үг. Гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцно. Эрх чөлөөнд суурилсан ирээдүйд бид итгэдэг” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Бүгд найрамдах намын мөрийн хөтөлбөрийн бодлогын ерөнхий зөвлөмжийг “Хүчирхэг эдийн засаг”, “Аюулгүй үндэстэн”, “Эрх чөлөөнд суурилсан ирээдүй”, “Хариуцлагатай төр” гэсэн дөрвөн бүлэгт хуваажээ. Бүгд найрамдахчууд эдгээр саналыг ирээдүйд хууль болгоно хэмээн амлаж байгаа ч Ардчилсан намын гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг давахад хэцүү байх тул үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэж “Politico” тэмдэглэв. Эцэг, эх байх эрхийн тухай хуулийн төслөөс эхлээд Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг шийдэх, 200 мянган цагдаа хөлслөх хүртэл Бүгд найрамдах намын дэвшүүлсэн тэргүүлэх чиглэлүүдийн ихэнх нь үндэстнийг уриалан дуудсан илгээлт болох магадлалтай.
Гэсэн ч Бүгд найрамдах намынхан одоогийн засаг захиргааны үйл ажиллагааг шалгах нь толгойны өвчин болох нь дамжиггүй. Тодруулбал, өргөн мэдүүлсэн баримт бичигт дурдсанчлан, Холбооны мөрдөх товчоог улстөр жүүлж буйд санаа зовниж байгаагаа 14 мэдээлэгч ил тод илэрхийлсэн аж. Үүнээс Холбооны мөрдөх товчооноос Дональд Трампыг мөрдөн шалгасны учрыг олохоор Бүгд найрамдах намын хууль тогтоогчид ханцуй шамлан орохоор төлөвлөж байна хэмээн таамаглаж болох нь.
Баримт бичигт мөн Америкийн дунд, их, дээд сургуулиудын сургалтын хэвийн үйл явцыг эвдсэн хөл хорио, Ардчилсан намын “татварын 87 000 байцаагчийн армийг хөлслөх” төлөвлөгөөг шүүмжилсэн бөгөөд эдгээрийг Америкийн дундаж давхаргынхны эсрэг халдлага гэж бүгд найрамдахчууд үзэж байна.
Кевин Маккарти, Пенсильвани муж улсад болсон арга хэмжээнд оролцсон Конгресс дахь Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн Стив Скализ, Жим Жордан нар коронавирусийн цар тахал дэгдэхэд Хятадын гүйцэтгэсэн үүргийг илүү нарийвчлан судалж, вакцинжуулах явцад дүн шинжилгээ хийж, Мексиктэй залгаа хилийн асуудлыг судлахаа амлав. Эдгээр нь хоосон сүрдүүлэг биш бөгөөд бүгд найрамдахчууд ямар ч албан тушаалтныг Конгрессын сонсголд дуудах эрхтэй болохыг “Politico” санууллаа. “Дотоод аюулгүй байдлын сайд Алехандро Майоркас олон удаа мэдүүлэг өгөх шаардлагатай тул машины зогсоол нөөцөлнө” гэж С.Скализ амлаж, 150 орчим дэмжигчийнхээ алга ташилтыг таслав.
Намын хувьд эгзэгтэй мөчид бүгд найрамдахчууд стратегиа олон нийтэд ил болгосныг энд тэмдэглэх нь зүйтэй. Нэг талаас эдийн засаг тогтворгүй, Ерөнхийлөгч Жозеф Байдены нэр хүнд тааруу зэргээс шалтгаалан Бүгд найрамдах намынхан давуу талтай байгаа. Гэсэн ч нөгөө талаас Дээд шүүхээс үр хөндүүлэх эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан нь Ардчилсан намынхан байр сууриа бэхжүүлэхэд нөлөөлсөн. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг “загалмайтны аян дайн” эхлүүлсэн нь Конгресс болон Хууль зүйн яамны бүтэц, түүний дотор Холбооны мөрдөх товчоо, Америкийн тагнуулын байгууллагууд дахь түүний эсрэг мөрдөн байцаалтын явцаас илэрхий байна.
Бүгд найрамдахчуудын олонх намын шинэ мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч, завсрын сонгуулийн өмнө улс төрийн нэмэлт дэмжлэг авна гэж найдаж буй. Энэ баримт бичгийг 1990-ээд онд Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намын гишүүд хэдэн арван жилийн турш давамгайлсныг эргүүлж чадсан тус танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Ньют Гингричийн хийсэн зүйлтэй харьцуулах хүн олон байна. Сонирхолтой нь түүний сонгуулийн өмнөх стратегийн нэр (“Америктай хийсэн гэрээ”) К.Маккартигийн танилцуулсантай адил байв. Ньют Гингрич өөрөө бүгд найрамдахчуудын хувьсгал гэгчийг 1994 оны намар эхлүүлж, доод танхимд 40 жил үргэлжилсэн ардчиллынхны ноёрхлыг эцэс болгосон саналаас намынхных нь шинэ төлөвлөгөө илүү боловсронгуй болсныг тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, Сенат дахь Бүгд найрамдах намын цөөнхийн удирдагч Митч Макконнелл хүртэл уг төлөвлөгөөг анхандаа төдийлөн таашаагаагүй ч твиттер хуудсандаа өндрөөр дэмжин сайшаасан байна. Шинэ стратегийн ачаар америк гэр бүлийн төлөө тэмцдэг, тэдний амьдралыг хүндрүүлдэггүй доод танхимтай болох нь гэж тэрбээр тэмдэглэв.
Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын олонхын удирдагч Стэни Хойер таамаглаж байсанчлан өрсөлдөгчдийнхөө стратегийн талаар “Politico” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Тэдэнд шүүмжлэл их байгаа ч шийдэл цөөхөн” гэв. “Цэргийн аж үйлдвэрийн цогцолборын талд үргэлж шахуу байдаг Бүгд найрамдах намынханд Ардчилсан намынхны гол анхаарлаа хандуулдаг нийгмийн хөтөлбөрүүдэд тулгуурласан мөрийн хөтөлбөрийн санаачилгыг гартаа авах боломж бий” гэж Москва дахь Америкийн их сургуулийн ерөнхийлөгч Эдуард Лозанский мэдэгджээ. Түүний хэлснээр одоо Америкийн улс төрд Украины нөхцөл байдлын улмаас зарим нэг эргэлт болж байна. “Мэдээж энэ нь тэд шонхор шувуу байснаа гэнэт тагтаа болсондоо биш, харин улс төрийн нөхцөл байдлын улмаас дотоод асуудлаа шийдэх нь сонгогчдын олонхын хувьд илүү чухал гэж үзсэнтэй холбоотой” гэж тэрбээр дүгнэв.