Манай улс энэ сарын 16-22-нд 1.02 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 403 хувь буюу дөрөв дахин өссөн үзүүлэлт болсон тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тэгвэл 2022 он гарснаас хойш нийт 17.7 сая тонн нүүрс нийлүүлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 5.7 сая тонн буюу 48 хувиар нэмэгдсэн дүн аж. Түүнчлэн оны эхнээс 1.06 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь 2021 оны мөн үеийнхээс найман хувиар илүү гэсэн үг. Харин төмрийн хүдэр, баяжмалын хувьд 3.02 сая тонныг нийлүүлсэн нь 48 хувиар багассан үзүүлэлт юм. Төвбанк 2022 он гарснаас хойш энэ сарын 22-ны байдлаар 13.75 тонн алт худалдан авчээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг салбарын яамнаас мөн дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 98.9, зэсийн баяжмалынх 87.7, төмрийнх 59.8, алтных 68.8, цайрынх 103.8 хувьтай байгаа аж.
Бэлтгэсэн Б.Сонор