Цар тахал, дайн зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Европоос жуулчин хүлээж авах манай улсын гарц хумигдсанаар Япон, Солонгосыг зорилтот зах зээлээ болгож, эдгээр орны иргэдийг татах чиглэлд анхаарч эхэлсэн. Нэн ялангуяа солонгос жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, визийн шаардлагаас чөлөөлөх зэрэг бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүн гарч, сүүлийн зургаахан сарын хугацаанд тус улсаас 36 мянга орчим аялагч Монголд ирээд байна. Өмнөд Солонгосын алдартай жүжигчин, тамирчин, сэтгүүлч, блоггерүүд өнгөрсөн хавар, зун нүүдэлчдийн өлгий нутгаар хөндлөн гулд аялж, тэр бүхнийг баримтжуулсан бичлэгээ цахим сүлжээнд түгээсэн нь нутаг нэгтнүүдээ нааш хөтлөх бас нэгэн тод жимийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, солонгосчуудын аяллын гол маршрутад Монгол зүй ёсоор багтах болжээ. Цаг үеийнхээ энэхүү “тренд”-ийг дагаж, манай улсад аялсан залуу гэр бүлтэй ярилцлаа. БНСУ-ын Пусан хотод амьдардаг тэд Монголын “ВBM tour” компаниар зуучлуулан Элсэн тасархай, Хархорин, Өгий нуур, Цэнхэрийн халуун рашаан гэсэн маршрутаар аялжээ. Өрхийн тэргүүн Ким Ги Юуны хувьд нүүдэлчдийн нутагт хоёр дахиа аялсан нь энэ бол эхнэр Ким Сүн Ми нь анх удаа ирсэн байна.
-Юуны түрүүнд Монгол оронтой танилцсан сэтгэгдлийг тань сонсмоор байна.
Ким Ги Юун: -Монголд аялах болсон гол шалтгаан нь цагийн зөрүү бага, нислэгийн цаг богино, мөн манай улсын соёл өргөн дэлгэрсэн, солонгосчууд олноороо ирдэгтэй холбоотой. Аялахад аюулгүй гэж үзсэн. Өмнө нь 2019 онд Монголд найзуудтайгаа аялсан бол энэ удаа эхнэртэйгээ ирлээ. Би Солонгост маш ачаалалтай, завгүй ажилладаг. Тиймээс ажлын алжаал ядаргаагаа тайлах, гар утаснаас түр хугацаанд ч болов хөндийрөх зорилгоор Монголд аялахаар шийдсэн. Ажлынхаа онцлогоос шалтгаалаад гар утас их ашигладаг. Ажлын цаг дууссан ч дуудлага ирэх, утсаар ярих тохиолдол олон.
Гурван жилийн өмнө Монголд ирэхдээ нисэх онгоцны буудлаас шинэ сим карт авсан. Тэгээд гар утсаа ашиглах гэтэл интернэтэд холбогдохгүй хүндрэлтэй байлаа. Энэ хугацаанд Солонгосоос ч, ажлаас ч хэн нэгэн надтай холбогдож чадаагүй. Тэр явдлыг тухайн үедээ таагүй хүлээж авсан ч хожим бодоход харин ч надад амрах боломж, зав чөлөө олгосон юм шиг санагдсан. Энэ удаа ч сим карт авсан. 2019 онтой харьцуулахад харилцаа холбоо сайжирсан байна. Аяллын явцад Солонгосоос хүмүүс интернэтээр холбогдож, ажлын талаар мэдээлэл солилцож байлаа. Интернэтэд холбогдож буй ч дуудлага хүлээж авах боломжгүй нь надад бас л нэг төрлийн амралт болж, амар тайван байх нөхцөлийг бүрдүүллээ.
Ким Сүн Ми: -Наашаа ирэхээр төлөвлөж байхад миний эргэн тойрны, ойр дотнын хүмүүс Монгол руу аялах маш хэцүү гэж анхааруулж байсан. Тэр үед бага зэрэг санаа зовж байлаа. Харин энд ирээд бодол минь өөрчлөгдсөн. Хөгжилтэй, сайхан аяллаа. Хоол унд нь ч таалагдсан.
Ким Ги Юун: 2019 онд ирэхдээ говь руу аялсан. Бартаатай замаар өдөрт “Фургон”-той 7-8 цаг явж байсан. Шороо тоос бужигнаад л их хэцүү. Тухайн үед Цагаан суваргад очиход цахилгаангүй, усанд орох боломжгүй нь хүндрэлтэй санагдсан юм. Түүнээс хойш Монголд ирмээр санагдавч энэ мэт асуудлаас болоод зүрхэлдэггүй байлаа. Энэ удаа цахилгаантай, усанд орох боломжтой кэмпүүдтэй маршрутын дагуу аяллаа. Хэрэв би өмнөхийн адил найзуудтайгаа ирсэн бол 2019 оных шиг аяллыг сонгох байсан болов уу. Ийм адал явдалтай аяллын дараа аливааг даван туулсан мэт таатай мэдрэмж төрж, урам зориг ордог шүү дээ.
-Халширч, бэргэсэн атлаа дахиж аялахаар иржээ. Ингэхдээ бүр гэр бүлийнхээ хүнийг “уруу татаж”. Юу таныг Монгол руу соронз мэт татав?
-Солонгост байхгүй олон зүйл Монголд бий. Жишээлбэл, хамгийн гайхамшигтай гэж хэлж болохоор нь од байна. Манай улсад од харах, ажиглах боломж нэн хязгаарлагдмал. Шар шороон шуурга, тэнгэр баганадсан өндөр барилга зэрэг нь бидэнд ийм боломж олгодоггүй. Харин Монголд од эрхсийг хаанаас ч харах боломжтой. Мөн үзэсгэлэнт байгаль, тал, хээр нутаг, таван хошуу малтай. Эдгээр зүйл намайг дахин ирэхэд нөлөөлсөн.
-Манай улс солонгос жуулчдыг визийн шаардлагаас чөлөөлсөн. Мөн коронавирусийн шинжилгээний бичиг шаардахаа больсон. Эдгээр нь жуулчдыг хилээр төвөг чирэгдэлгүй нэвтрүүлж, аялахад таатай нөхцөл бүрдүүлэх зорилготой. Энэ шийдвэрүүдийн үр нөлөөг та хоёр бодитоор мэдэрч чадав уу?
-Өмнө нь ирэхдээ визээ ном журмынх нь дагуу авсан. Багахан ажил болдог юм билээ. Харин энэ удаа виз, шинжилгээний бичиг зэргийг шаардаагүй нь жинхэнэ тав тухыг мэдрүүллээ. Солонгосын олон мянган дагагчтай юүтүбэрүүд сүүлийн үед Монголд аялж, янз бүрийн нэвтрүүлэг, видео түгээх болсон. Тэр бүхэнд солонгос жуулчдыг визгүй аялуулах болсон тухай, Монгол орны үзэсгэлэнт байгалийн талаар гарч байна. Энэ нь олон хүнд наашаа аялах сэдэл төрүүлж буй. Бидэнд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.
-Жуулчдын зарим нь тур оператор компанид аяллаа даатгадаг бол нөгөө хэсэг нь өөрсдөө хариуцахыг илүүд үздэг. Танай гэр бүл мэргэжлийн компаниар зуучлуулжээ. Давуу тал, ач холбогдол нь юу байв?
-Би үүргэвчтэй аяллыг түлхүү сонирхдог. Энэ удаа аяллын тусгай хөтөлбөр сонгосон шалтгаан нь Монголын нөхцөл байдалтай холбоотой. Зам харгуй хэцүү, төөрөх магадлал өндөр. Тиймээс эрсдэлээ бодоод ийм сонголт хийсэн. Хүлээлтээс илүү үйлчилгээг авч чадлаа.
Ким Сүн Ми: -Аяллын бичлэг хийсэн юүтүбэрүүд ихэнхдээ үүргэвчтэй аялж байсан. Харин бидэнд илүү тохирох нь тусгай хөтөлбөртэй аялал санагдсан юм.
-Орон нутгаар тодорхой маршрутаар аялсан юм байна. Энэ аяллаас таны сэтгэлд тод үлдсэн нь юу вэ?
Ким Ги Юун: -Халуун рашаанд анх удаа орж үзлээ. Маш их таалагдсан. Сонирхолтой байлаа. Мөн музейд зочилж үзсэн. Хөтчийнхөө ачаар Монголын түүх, соёлын талаарх ойлголт, мэдлэгээ дээшлүүлж чадлаа.
Ким Сүн Ми: -Эрдэнэ зуу хийдтэй танилцах аялал сонирхолтой байсан. Хөтчийн тайлбар энэ бүхнийг “амттай” болгосон. Өгий нуур үзэсгэлэнтэй юм билээ. Шулуун замаар явж байтал гэнэт л гараад ирсэн. Харагдах байдал, дуу чимээ нь үнэхээр сайхан. Адуу, үхэр гол, нуураас чөлөөтэй ундаалж, усанд орж байгаа нь нүдэнд содон туслаа. Би өмнө нь дандаа л уяатай (аргамжаатай) адуу харж байсан. Харин Монголд тэс өөр дүр зургийг олж харлаа.
-Аяллын турш “Фургон”-той явсан юм байна. Хэр санагдав?
Ким Ги Юун: -Товчоор хэлбэл, энэ бол хамгийн “хөөрхөн” унаа. Замын хувьд харин асуудалтай. Аяллын компаниуд үүнийг харгалзаж байж маршрутуудаа тогтоох ёстой юм шиг санагдсан. Зам, дэд бүтцээ сайжруулчихвал жуулчдад маш тав тухтай байх болно.
-Манай улсын аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудал цөөнгүй бий. Тэдгээрээс таны нүдэнд хамгийн түрүүнд туссан нь юу вэ?
Ким Сүн Ми: -Ариун цэврийн байгууламжийн хүртээмж. Авто зам дагуу бие засах газар ховор юм билээ. Хөтчийгөө “Дараагийнх нь хол шүү” гэж анхааруулж хэлэх тусам бие засмаар санагдаж байсан. Эрэгтэй хүмүүсийн хувьд энэ нь тийм ч ноцтой зүйл биш байж болох. Харин эмэгтэйчүүдэд маш том асуудал. Гэхдээ хөтөч маань биднийг аль болох цэвэрхэн, тохьтой бие засах газар аваачихыг хичээсэн. Хогийн сав хаа сайгүй байршуулсан нь таалагдлаа. Очсон газар болгонд байсан.
Ким Ги Юун: -Кэмпэд усанд ороход ус нь маш бага хэмжээгээр гарч байсан. Ус хэдий үнэ цэнтэй, тэр хэрээр нь хэмнэх нь чухал ч усанд орох хэмжээгээр гоожихгүй байна гэдэг нь асуудал. Бид Хархориноос Өгий нуур луу явж байхдаа замын хажуугаар маш их хэмжээний хог ил задгай хөглөрөхийг харсан. Тариалангийн талбайн торонд гялгар уутнууд өлгөгдчихсөн байлаа. Дахин боловсруулах боломжтойг нь ашигладаг ч юм уу, ямар нэг байдлаар тэр хогийг цэвэрлэчихсэн бол хэчнээн сайхан бэ гэсэн бодол төрсөн.
Нэмж хэлэхэд, солонгосчууд Монгол руу аялахаас цэрвэж, татгалзахад хүргэдэг хэд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал, хорхой ихтэй (нүүдлийн), хүйтэн, замд ядардаг, усанд орох боломж хомс гэж ярьдаг. Өмнө нь аялсан хүмүүс энэ бүхнийг анхааруулга болгож бусдадаа хэлдэг юм билээ. Үүнээс болж аяллаа цуцлах нь түгээмэл.
-Монгол руу аялах нь үнэ өртгийн хувьд хэр боломжийн санагдав?
-Хоёр хүний аяллын зардлыг тооцож үзэхэд боломжийн байсан.
-Монголд дахиж ирэх үү. Ойр дотнын хүмүүстээ наашаа аялахыг зөвлөх үү. Хэрэв зөвлөх бол юуг онцгойлон захих вэ?
-Би дахиж ирнэ. Гэхдээ хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй нь. Уг нь энэ удаа найзуудтайгаа ирэхээр төлөвлөж байсан ч бүгд татгалзсан.
Ким Сүн Ми: -Яг үнэндээ Монгол руу ирэхдээ жаахан дурамжхан байсан. Гэвч бодож байснаас илүү сайхан аяллаа. Ялангуяа хоолонд их санаа зовсон. Мах голлосон, өөх тос ихтэй хүнд хоолтой гэж сонссон ч бодит байдалд өөр байлаа. Хоол нь амттай санагдсан.
Бид наашаа ирэхийн өмнө Чэжү арал руу бал сарын аяллаар явсан. Монголын аялал түүнээс ч илүү дурсамжтай, сайхан сэтгэгдэл төрүүллээ.
-Бал сарын аяллаа Монголд үргэлжлүүлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр энэ удаагийнх яалт ч үгүй онцгой дурсамж болж үлдэх нь ээ?
Ким Ги Юун: -Яг бал сарын аялал гэж хэлэхгүй ээ. Ачаалалтай ажилладаг учраас жилдээ нэг удаа завсарлага авч, гадаад руу аялахыг зорьдог юм. Түүнийгээ л биелүүлсэн хэрэг. Би дараа нь солонгосчууд цөөрсөн үед ирнэ. Хөдөөгүүр явж байхад энд тэндгүй солонгос хүний яриа сонсогдоод байсан. Магадгүй намрын сүүлч, эсвэл өвөл ирэхэд тохиромжтой байх.
Ярилцах зочдоо хүлээж суух зуураа тэдэнд хөтөч хийсэн “BBM tour” компанийн ажилтан З.Ганзоригтой цөөн хором үг сольсон юм. Тэрбээр Монголын хөдөө нутагт солонгос жуулчид хаа сайгүй аялж байгааг хэллээ. Монголчууд бидэнд ижил дасал болсон, байдаг л нэг хуучны унаа мэт харагддаг “Фургон” машин Ким Ги Юун, Ким Сүн Ми нарт онцгой сэтгэгдэл төрүүлснийг хөтөч нь онцолсон. Залуу хос аяллын туршид түүнийг “өхөөрдөж”, сониучирхсаар байжээ. Тэд З.Ганзоригийн хэлснийг батлах гэсэн мэт өнөөх унаагаа “хөөрхөн” хэмээн тодотгож, ярилцлагын төгсгөлд хамт зургаа авхуулахаар явсан юм.