Шведэд энэ сарын 11-нд болсон парламентын сонгуулийн дүнгээр гуравдугаарт орсон Аядуу эвслийн намд тус улсын шинэ Засгийн газрыг байгуулахыг санал болгожээ. Тус намын удирдагч Ульф Кристерссон Либерал болон Христийн ардчилсан намтай эвсэл байгуулах бололтой. Тодруулбал, сонгуулийн дүнгээр Аядуу эвслийн намыг багтаасан барууны эвсэл бага зөрүүгээр буюу 48.8-ын эсрэг 49.5 хувийн санал авч, эрх баригч намуудын эвслийг ялсан юм. Барууны эвсэл дотроо хамгийн олон саналыг үндсэрхэг үзэлтэй Шведийн ардчилсан нам 20.5, Аядуу эвслийнх 19.1, Христийн ардчилсан нь 5.3, Либералууд 4.6 хувийн санал авсан аж. Авсан саналаар хоёрдугаарт жагссан хэт барууны үзэлтнүүдийн Шведийн ардчилсан нам шинэ засагт ямар үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байна. “Парламент Засгийн газрын үйл ажиллагаанд оруулахгүй байсан ч тус нам Сайд нарын танхимын бодлогод нөлөөлөхөөр хориг тавьсан хэвээр байна” гэж Шведийн Европын бодлого судлалын хүрээлэнгийн захирал Горан фон Сыдов хэлэв. Шведийн ардчилсан нам уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэж, цагаачлалын эсрэг тууштай байр суурь баримталдаг нь сая огцорсон, зүүн төвч үзэлтнүүдийн Засгийн газрын дотоодод төдийгүй Европын түвшинд явуулж буй бодлоготой зөрчилдөж байв. Европын Холбооны түвшинд аливаа асуудлыг шийдэхийг хүсдэггүй тус нам Засгийн газрын эвсэлд орвол уур амьсгалын өөрчлөлт гэх мэт дэлхийн асуудлуудын тухай ярихад ч хүндрэлтэй байж магадгүй. Үүний сацуу Шведийн бүх нам тус улсыг НАТО-гийн гишүүн болж, ОХУ-аас Украинтай хийж буй дайны талаар Европын Холбоотой нэгдсэн байр суурь баримтлах ёстой гэдэгт санал нэг байна. Швед ирэх оны нэгдүгээр сард Европын Холбооны зөвлөлийг даргалах бөгөөд энэ үед Итали ч мөн хэт барууны үзэл баримтлалын нөлөөгөөр тус холбоонд элсэх боломжтой.
ТАМИРЧИН ХҮҮ
Ульф Кристерссон 1963 оны арванхоёрдугаар сарын 29-нд Шведийн хамгийн томд тооцогдох Лунд хотод (өмнөд нутгийнх) дундаж амьдралтай гэр бүлд мэндэлжээ. Аав нь эдийн засагч, ээж нь гэрийн эзэгтэй байв. Тэрбээр гурван хүүхдийн ууган нь. Түүнийг төрсний дараахан Кристерссоны гэр бүл хойд нутгийн Торшелла хэмээх жижиг хот руу нүүжээ. Залуудаа спортын гимнастикаар нухацтай хичээллэдэг байв. Сургуулиа төгсөөд цэрэгт татагдсан бөгөөд албаа командлагч цолтой дүүргэжээ. Дараа нь Уппсалагийн их сургуульд сурч, эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн аж.
1995-1998 онд Шведийн судалгааны “Tim¬bro” төвийн Маркетингийн албыг, 2000-2002 онд “Conneta” зөвлөх компанийн PR албаны удирдагч, үл хөдлөх хөрөнгийн “Adcore” компанийн олон нийттэй харилцах албаны дарга, дижитал технологийн “Network AB” группийн олон нийттэй харилцах зөвлөхөөр ажиллаж байв. Дараа нь Шведийн Стреннес хотын захиргаанд санхүүгийн зөвлөх, Хүүхэд үрчлүүлэх төвийн удирдагч, Стокхолм хотын захирагчийн албанд нийгмийн бодлогын асуудал хариуцаж байжээ.
Аядуу эвслийн намын Залуучуудын холбооноос 1983 онд зохиосон нэг арга хэмжээний үеэр танилцсан бүсгүй Брижит Паулинаг тэрбээр 1991 онд гэргийгээ болгосон байна. Брижит сургуулиа төгсөөд, теологийн чиглэлээр суралцах хүсэлтэй байсан ч олон нийттэй харилцах мэргэжилтэн болж, удаан хугацааны турш амжилттай бизнес эрхлэгч байсан гэнэ. 2018 онд тэрбээр бизнесээ орхиж, санваартан (Шведийн Лютеран сүм 1960 оноос хойш эмэгтэйчүүдэд сахил хүртээж буй) болохоор шийджээ. Ульф Кристерссоных 2000, 2004 онд Хятадаас ес, 11 сартайд нь өргөж авсан Сири болон ихэр Сигне, Эллен гэсэн гурван охинтой. Ташрамд дурдахад, Швед хүүхэд үрчлэх талаар хатуу хуультай, ялангуяа төрсөн эцэг, эхийн зөвшөөрөл авахыг шаарддаг. Энэ нь хүүхэд үрчлэх бараг боломжгүй болгодог аж. У.Кристерссон эдийн засаг, улс төрийн сэдвээрх хэд хэдэн номын зохиогч, зураг авах, ан хийх, гүйх хоббитой.
ХҮРЭЭГЭЭ ХУРДАН ТЭЛСЭН УЛСТӨРЧ
Өдгөө 58 настай Ульф Кристерссон 2017 оны аравдугаар сараас хойш намаа удирдаж буй аж. Намынхаа залуучуудын салбарын дарга болсон 1988 оноос хойш нөлөөгөө маш хурдан тэлж, 1991 онд анх удаа, 2014 онд парламентад дахин сонгогджээ. Энэ хугацаанд Санхүү, хөдөлмөрийн зах зээлийн дэд хороо, нийгмийн асуудал, боловсрол гэх мэт хороодын гишүүн байв. Тэрбээр 2010-2014 онд Ф.Рейнфельдтийн Засгийн газарт Нийгмийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллажээ. Мөн Штрангнас хотын захирагчаар ажилласан нэгэн аж.
2018 оны парламентын сонгуулийн дүнгээр хоёр долоо хоногийн дотор шинэ Засгийн газар байгуулах үүрэг хүлээсэн нь амжилт олоогүй. Гэсэн ч “бурхан” түүнд танхим байгуулах хоёр дахь боломж олгожээ. 2021 онд Ульф Кристерссон зүүн төвч үзэлтнүүдийн эвслээс түрүүлэхийн тулд хэт барууны үзэлтэй Шведийн ардчилсан намтай эвсэхээ мэдэгдсэн юм.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬДОГ
Неолиберализмд уриалдаг Ульф Кристерссон нийгмийн халамжийг бууруулахыг эн тэргүүнд тавьдаг. Тэрбээр 1994 онд хэвлэгдсэн “Ажилгүй үеийнхэн” номдоо Шведийн хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, нийгмийн хамгааллын тогтолцоог Өмнөд Африкийн апартейд дэглэмтэй харьцуулж, “туслагчдыг хөхиүлэн дэмждэг дарангуйлагч тогтолцоо” гэж нэрлэжээ. Үүний сацуу бизнес эрхлэгчдэд ногдуулдаг татварыг бууруулахаар амлаж байгаа аж.
ЕВРОПЫН ИРЭЭДҮЙГ БҮҮДГЭРЭЭР ТӨСӨӨЛЖ БАЙНА
Италийн “La Stampa” сонинд бичсэнээр “Хөгшин тив даяар хар давлагаа хуйларч байна. Барууны хүчнийхэн хаа сайгүй толгой өөд татах болов. Энэ давлагаа Шведэд хүртэл далан сэтэлж, улс төрийн хуучин домог төгслөө. Иргэний эрх, жендерийн тэгш байдал, хөдөлмөрийн шударга хуваарилалт, олон соёлт үзлийн эх орон болох нийгмийн ардчиллын Скандинав загварын өлгийд Ульф Кристерссон тэргүүтэй хуучинсаг үзэлтнүүд болон Йимми Окессоны удирдсан “зөөлөн” неонацист “ардчилагчид” ялжээ. Европын уналт мэдрэгдэж, яг долоо хоногийн дараа энэ чиг хандлагыг батжуулах өөр нэг эргэлт болж мэдэх юм. Урьдчилсан санал асуулгаас үзвэл Итали удахгүй хэт давруу болон постфашист барууны үзэл баримтлалаас шууд улбаатай нам удирдах Европын Холбооны анхны улс болж магадгүй”.
“Шведийн сонгууль Европын ардчилсан орнууд хаашаа явж байгааг харуулжээ. Цагаачлалыг нийгмийг туйлшруулах нийтлэг бөгөөд хамгийн наад захын хүчин зүйл гэж үздэг хэт барууныхан эхлээд Францад, одоо Шведэд, дараа нь Италид консерваторуудыг сөхрүүлж байна. Сонгуулийн сурталчилгаа хийх нь барууны үзэлтнүүдийн хувьд нэн хялбар болж байгаа ч үнэндээ улс орныг удирдахад улам хэцүү болж буй” гэж Испанийн “El Pais” сонинд өгүүлжээ.