Британийн Виндзор хотод хатан хаан II Элизабетад хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэхээр тус улсын иргэн, бизнес эрхлэгч, зочид нийлсэн 100 мянга орчим хүн цугласныг Цагдаагийн газраас нь мэдээлэв. Уг хотод аюулгүй байдлыг хангахад цагдаагийн 2000 ажилтан, тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 28 бүлэг албан хаагч оролцсоныг тэмдэглэжээ.
Вестминстерийн сүмд болсон оршуулах ёслолд дэлхийн 200 орчим улс, нутаг дэвсгэрийн 500 гаруй удирдагч, тэдний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Францын Төрийн тэргүүн Эммануэль Макрон, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Засгийн газрын тэргүүн, бусад улсын хааны гэр бүлийн гишүүд болон бусад төлөөлөгч оролцсон гэж “Sky news” телевиз мэдээлэв.
Хатан хааныг түүний нөхөр, хунтайж Филиппийн хамт VI Георг хааны дурсгалын сүмд оршуулжээ. Тэнд мөн Элизабетын эцэг VI Георг хаан, хатан эх хоёроос гадна хатан хааны дүү Маргарет гүнжийн чандрыг оршуулсан байдаг аж. Британийг 70 гаруй жил удирдсан хатан хаан II Элизабет энэ сарын 8-нд 96 насандаа Шотландад таалал төгссөн. Хунтайж Чарльз хаан болж, түүний гэргий Камилла хатан хааны статустай болсон билээ.
Оршуулах ёслол дууссанаар Британид 10 хоног үргэлжилсэн гашуудал дуусаж, британичууд хэвийн амьдралдаа эргэн оржээ. “YouGov” компаниас оршуулгын өмнөх өдөр нийтэлсэн судалгаанаас үзвэл II Элизабет таалал төгссөний дараа британичууд хаант засаглалыг улсад нь ашигтай гэж үзэж эхэлсэн байна. Энэ үзэл бодлыг 18-24 насны британичуудын 32, 65-аас дээш насныхны 82 хувь нь дэмжжээ. Уг үзүүлэлт өнгөрсөн тавдугаар сарынхаас найман хувиар өссөн аж.
Мөн судалгаанаас үзвэл шинэ хааны нэр хүнд 16 хувиар дээшилсэн байна. Судалгаанд оролцогчдын 70 хувь нь түүнийг хааны гэр бүлийн хамгийн алдартай гишүүдийн нэгээр нэрлэжээ. Уг санал асуулгын эхний байрыг Чарльзын хүү, Уэльсийн хунтайж Уильям (84 хувь), түүний гэргий Кейт Миддлтон (80) нар эзэлсэн гэнэ.