Орос, Турк хоёр урт удаан, маргаантай, хэцүү харилцаатай гэж Араб дахины “Al Mayadeen” телевиз мэдээлжээ. Түүхийн хувьд эсрэг тал байсан ч Москва, Анкара хоёр сүүлийн жилүүдэд олон салбарт нягт хамтран ажиллаж байна.
Хэрэв Режеп Тайип Эрдоан, Владимир Путин нар Сирийн асуудлаар тохиролцоонд хүрвэл энэ нь тэдний хувийн харилцаанд үсрэлт болж, хоёр улсын хамтын ажиллагаанд нөлөөлөх нь дамжиггүй. 2015 оны арваннэгдүгээр сарын 24-нд Туркт сөнөөсөн Оросын сөнөөгч онгоцтой холбоотой хэргийн төлөө Режеп Тайип Эрдоан 2016 оны зургадугаар сарын 27-нд Санкт-Петербургт болсон түүхэн уулзалтын үеэр уучлалт гуйснаар хоёр удирдагчийн харилцаа дотносож эхэлжээ. Энэ уулзалт нь талуудын хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, Москва, Анкара хоёрыг бүс нутаг болон дэлхийн хэмжээнд, ялангуяа Сирийн асуудлаар стратегийн үлэмж амжилтад хүрэхэд тусалсан юм. Тухайлбал, Туркт 30 тэрбум ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд цөмийн реактор барих ажилд Орос улс оролцож, АНУ-ын эсэргүүцлийг үл харгалзан пуужингийн “С-400” системийг Истанбулд нийлүүлсэн. Үүний сацуу ОХУ Туркийн байгалийн хийн хэрэгцээний 45 орчим хувийг (таван жилийн өмнө уг үзүүлэлт 55 хувь байсан) хангаж, газрын тос, улаан буудай, эрдэнэ шиш болон бусад бараа, бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр борлуулж буй. Харин Туркийн компаниуд хэдэн арван тэрбум ам.долларын өртөг бүхий олон зуун чухал төсөл хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн их хэмжээний бүтээгдэхүүн экспортолж, аялал жуулчлалын салбарууд нь Оросын иргэдийг хүлээн авсаар байна. 2019 онд гэхэд долоон сая хүн хүлээн авчээ.
Улс төрийн тавцанд Москва, Анкара хоёрын ашиг сонирхол исламын шашинтай хүн ам нь түрэг хэлээр ярьдаг Кавказ, Төв Азид огтлолцдог. Түүгээр зогсохгүй Орос улс эдгээр бүс нутгийг “арын хашаагаа” буюу хамгаалалтаа гэж үздэг. Сирид арми илгээж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхээ эдлэн байж Москва Башар Асадын дэглэм болон Сири улсыг хүчирхэгжүүлж байна гэж Режеп Тайип Эрдоан үздэг аж. Ливид ч мөн адил Орос болон Турк сөргөлдөгч талуудыг дэмжсээр буй.
Гэсэн ч Режеп Тайип Эрдоан 2014 онд Крымийг Орост нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, улмаар Украинтай стратегийн цэрэг, улс төрийн холбоо байгуулсны дараа Украины хямрал хамгийн хэцүү асуудал хэвээр байна. Тухайлбал, Туркийн цэргүүд Украины дайны эхний өдрүүдэд Оросын хүчинд ноцтой хохирол учруулсан юм. Энэ нь гуравдугаар сарын 10-нд Анталья хотод Орос, Украины Гадаад хэргийн сайд нар уулзах үеэр Режеп Тайип Эрдоаныг Киев, Москвагийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд саад болоогүй ч гал зогсоох, В.Путин, В.Зеленский нарыг Истанбулд уулзуулах асуудлаарх хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй. Гэхдээ Украин, Оросын улаан буудай болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан экспортлоход Туркийн зуучлал үр нөлөөгөө өгснийг дурдах нь зүйтэй.
НАТО-гийн гишүүн, Америк, Европын Холбооны стратегийн холбоотон байсаар 70 жил болсон Турк улсаас Оростой хийж буй харилцааг Вашингтон болон Өрнөдийн орнууд анхааралтай ажиглаж байгаа.
Харилцаа сайжирсан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийг Сирийн талаар Режеп Тайип Эрдоанд нэмж буулт хийхэд хүргэв. Тодруулбал, тэрбээр Санкт-Петербургт болсон Эрдоан, Путин хоёрын түүхэн уулзалтаас хойш 50 хоногийн дараа, 2016 оны наймдугаар сарын 24-нд Туркийн армийг Жараблус руу нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Дараа нь тэрбээр Евфрат мөрний эрэгт хамтарсан ажиллагаа явуулахад Туркийн хүчинд ногоон гэрэл асаасны ачаар тэд Сирийн үйл явдалд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Евфрат мөрний зүүн эргийн бүс нутгийг эзэлж, Курдийн зэвсэгт бүлэглэлүүд буюу Курдистаны ажилчны намын Сири дэх салбар болох Ардын өөрийгөө хамгаалах отрядуудыг дэмжсэн хэмээн америкчуудыг Туркийн Ерөнхийлөгч буруутгасан нь нягт хамтын ажиллагааны тод илрэл байв.
Энэ бүх нарийн ширийн зүйл нь Режеп Тайип Эрдоанд олон арван тэрбум доллар шаардагдах, удахгүй болох сонгуульд ялахын тулд Америкийн дэмжлэгийг авахад нь саад болохгүй аж. Түүгээр ч зогсохгүй саяхан Сочид болсон дээд хэмжээний уулзалтын дараа түүнийг В.Путинээс тодорхой хэмжээний дэмжлэг авсан гэх баримт бий. Тийм ч учраас Туркийн удирдагч анх удаа Украины дайнд Оросын талд орж, Москвагийн холбоотон Белградыг өөрийн байр сууриа илэрхийлэх тайз болгон сонгосон бололтой. Тэрбээр Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичтай уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Оросын эсрэг өдөөн хатгасан бодлого явуулж буй Өрнөдийн орнуудын байр суурь алдаатай, үүний улмаас байлдааны ажиллагааг зогсоох хүчин чармайлт ямар нэг үр дүнд хүрэхгүй байгааг тэмдэглэжээ. Түүгээр зогсохгүй Режеп Тайип Эрдоан өрнөдийнхний Украинд илгээж буй зэвсгийг төмрийн хог гэсэн билээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Оросыг дутуу үнэлдэг хүмүүс буруу зүйл хийж байна. ОХУ хөнгөн хуумгай ханддаг улс биш. Одоо тус улс байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоочихлоо. Европт бараа, бүтээгдэхүүний үнэ нүд ирмэх зуурт өссөн. Одоо бүгд өвлийг яаж давах талаар толгойгоо гашилгаж байна. Яагаад урьд нь бодоогүй юм бэ? Одоо нөөц хэр байгаа талаар маргаж байна. Бүгд Орос руу давшилж байхад тэд боломжоо л ашиглана” гэв. Мөн Истанбулд байгуулсан гэрээний дагуу Украины улаан буудайг ядуу, буурай руу биш, Оростой дайсагнасан, баян орнууд руу экспортолж байгаа талаар В.Путиний хэлдэг зөв гэж Режеп Тайип Эрдоан мэдэгджээ.
Энэ бол Сирийн хямрал мэтийн ямар ч асуудалд Оростой дайсагналцдаг В.Зеленский, Ж.Байден болон Израил зэрэг Өрнөд, Дорнодын бусад тоглогчид хандан Туркийн Ерөнхийлөгчийн хэлсэн үг юм. Хэрэв тэрбээр В.Путинтэй Сирийн асуудлаар тохиролцвол тэдний өмнө хувийн болон Орос, Османы эзэнт гүрний өв залгамжлагчид болох улсуудын харилцаанд үсрэлт гарах зам нээгдэх аж. Тэдний хооронд 16 ширүүн дайн болсны 11-т нь оросууд ялжээ. Үлдсэн тавд нь европчуудын (Франц, Британи) дэмжлэгийн ачаар туркчүүд ялсан байна.
Саяхан Турк, Грекийн хооронд үүссэн мөргөлдөөн нь Эрдоаныг Путинтэй ойртуулж магадгүй. Тэрбээр Афин, Никосийн үнэн алдартны шашны удирдагчдыг Москвагийн эсрэг хуйвалдаж, Вашингтонтой эвссэний дараа тэднийг өршөөхгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Эгийн тэнгис, Киприйн (Парис, Лондон, Берлиний дэмжлэгийг авдаг) асуудлаар Анкаратай санал зөрөлдвөл Афины талд орохоо Вашингтон мэдэгдсэн. Ташрамд дурдахад, Режеп Тайип Эрдоан Туркийн агаарын орон зайг Оросын нисэх онгоцнуудад хаахаас татгалзаж, АНУ, Европын хоригт нэгдээгүй. Гэхдээ Сири, эсвэл Газар дундын тэнгисийн чиглэлд яваа Оросын байлдааны хөлгүүдэд Босфор, Дарданеллийн хоолойг хаасан юм.
2016 оны зургадугаар сарын 27-нд В.Путинтэй хийсэн уулзалтын тохиролцоог эс тооцвол Режеп Тайип Эрдоан өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлийг мартахгүй бол Америкийн ашиг сонирхлыг эсэргүүцэх нь амаргүй нь тодорхой. Энэ өдрөөс хойш Турк, тус бүс нутаг, дэлхий нийт сэтгэл хөдөлгөм олон үйл явдлын гэрч болсон бөгөөд тэдгээрийн хувь заяаг Москва, Анкара хоёрын эвсэл шийдэж болзошгүй. Ирэх сонгуулийн өмнө, эсвэл сонгуулийн үеэр Ж.Байден хөндлөнгөөс оролцвол тэднийг зогсоож магадгүй гэж судлаач Хосни Махали бичжээ.