Монгол Улсын гадаад худалдааны энэ оны эхний найман сарын гүйцэтгэлийг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Эл хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 13.3 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 3.25 тэрбум буюу 32.2 хувиар өссөн дүн аж. Экспортын дүн им - портынхоос 2.15 тэрбум ам.доллароор давжээ. Тодруулбал, 7.75 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд экспортолсон нь 2021 оны мөн үеийнхээс 37.8 хувиар илүү гэсэн үг.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 6.67 тэрбум ам.доллар буюу 86, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 595.5 сая буюу 7.7, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 358.2 сая буюу 4.6 хувийг эзэлжээ. Улмаар эдгээрт нийт экспортын дүнгийн 98.3 хувь нь ногдсон байна. Манай улс 60 оронд бараа нийлүүлснээс БНХАУ-д 85, Швейцарт долоо, Сингапурт 3.8 хувь нь ногдсон аж. Тэгвэл 5.59 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон нь 2021 оны мөн үеийнхээс 1.12 тэрбум “ногоон” буюу 25.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов.
Импортолсон барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 846.3 сая ам.доллар буюу 15.1, эрдэс бүтээгдэхүүн 1.24 тэрбум буюу 22.2 (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.08 тэрбум буюу 87.6 хувь), мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 709.4 сая буюу 14.9 хувийг эзэлжээ. Мөн авто агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 1.01 тэрбум (18.1 хувь), үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 557.5 сая (10), химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 377.5 саяыг нь (6.7) эзэлсэн байна. Манай улс 150 орноос бараа импортолсноос урд хөршид 34.2, ОХУ-д 30.3, Японд 8.6, БНСУ-д тав, АНУ-д 3.2 хувь нь ногдсон аж.
Бэлтгэсэн Б.Сонор