Нийслэлийн ЗДТГ болон Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран 2019 оноос “Хийморь” морьт харвааны олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Тэгвэл дөрөв дэх удаагийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад болох нь. Одоогоор Америк, Малайз, Орос, Өмнөд Африк зэрэг 11 орны харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлж, зарим нь Монголд хэдийн иржээ. Оролцогчид монгол бөмбөг намнаа, унгар, турк харваа, багийн харваа, үндсэн таван бай гэсэн төрөлд өрсөлдөх аж. Мөн энэ үеэр шагайн харвааны тэмцээнтэй. Ташрамд дурдахад, нийслэлийн Аялал жуулчлалын газар “Хийморь”-ийг олон улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэхээр зорьж буй бөгөөд ирэх онд морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна.