“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани хувьцааг нь худалдан авах санал тавьсан “Rio tinto” групптэй зарчмын хувьд тохиролцсон тухайгаа цахим хуудсандаа мэдээлэв. Өнгөрсөн гуравдугаар сард нэгж хувьцааг нь 34 канад доллароор худалдан авах санал тавихад “Turquoise hill resources”-ийн Тусгай хороо татгалзсан. Улмаар “Rio tinto” дээрх дүнг өмнөх сард 40 болгон дээшлүүлснээ мэдэгдсэн юм. Тэгвэл талууд нэгж хувьцааг 43 канад доллароор (нийт 3.3 тэрбум ам.доллар) үнэлэн борлуулахад зарчмын хувьд тохиролцсон гэнэ. Энэ нь “Turquoise hill resources”-д анх буюу өнгөрсөн гуравдугаар сард санал тавих үеийн ханштай нь харьцуулахад 67 хувиар өндөр дүн аж. Мөн уржигдар нэгж үнэт цаасных нь ханш 36.12 канад доллар байснаас 19 хувиар илүү гэсэн үг.
Дээр дурдсан үнэт цаасыг худалдахыг “Tur¬quoise hill resources” компанийн хувьцаа эзэмшигчдийн 66.67 хувь нь (“Rio tinto”-г оролцуулаад, мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн олонх санал нэгдэх шаардлагатай) зөвшөөрвөл эцэслэх юм байна. Үүнийг шийдвэрлэх санал хураалт энэ улиралд болох товтой бөгөөд дээрх саналыг зөвшөөрвөл “Оюутолгой”-н 66 хувийг “Rio tinto” групп эзэмших юм.
Бэлтгэсэн Б.Сонор