Орост тагнуул хийсний улмаас хоригдох ял авсан Пол Уилан, хар тамхи авч яваад баригдсан сагсан бөмбөгч Бриттни Грайннер нараар Оросын бизнесмен, зэвсгийн наймаачин Виктор Бутийг солих тухай CNN мэдээлсэн нь долдугаар сарын сүүлчээс л хамгийн дуулиан тарьсан үйл явдлын нэг байлаа. Москватай харилцаагаа хэвийн болгох гэвэл улс төрийн дээд зиндааныхан хэрхэн хандахыг ажиглах, байдлыг тандах зорилготой АНУ-ын эрх баригчдын оролдлого гэж шуугиан тарьсан энэ мэдээг эхлээд үзэж байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар наймдугаар сарын эхээр дээрх америк хүмүүсийг солилцохоор ярилцсан болохыг нотлох баримт олон түмэнд хүрэв. Нэг талаас “зууны энэ солилцоо” АНУ-ын Конгрессын сонгуульд нөлөөлж болзошгүй юм. Нөгөө талаас барьцаанд байгаа америк хүний үнэ цэнийг өндөр болгосноос үүдэж үл итгэлцлийн давлагааг эл үйл явдал дэгдээж болох юм.
Москва орчмын Химкинскийн шүүх Америкийн сагсан бөмбөгч, 31 настай Бриттни Грайнерийг есөн жил жирийн дэглэмтэй колонид хорих шийдвэр наймдугаар сарын 4-нд гаргачихав. Энэ эмэгтэйг мансууруулах бодис наймаалсны төлөө бас нэг сая рублиэр торгов.
Грайнерийг сольж авахын тулд АНУ-ын тал “ер бусын арга хэмжээ” авахад ч бэлэн байгаа нь наймдугаар сарын 6-нд тодорхой боллоо. Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Карин Жан-Пьер энэ талаар мэдээлэв. “Түүнийг гэрт нь ирүүлэхийн тулд бид онцгой арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Бид их дорвитой санал тавьсан. Засгийн газрын хоорондын яриа хөөрөөг үргэлжлүүлэхийг бид эрмэлзэж байгаа” гэж хатагтай Карин Жан-Пьер өнгөт арьст сэтгүүлчдийн Үндэсний холбооны Лас-Вегас хотод болсон их хурал дээр хэлсэн байна. Түүнчлэн хар тамхины хэргээр АНУ-д хоригдож буй бүх хоригдлыг суллахыг Төрийн тэргүүн Жо Байденд Илон Маск санал болгожээ. “Хар тамхитай холбоотой хэргээр Орост хоригдож буй Бриттни Грайнерийг суллуулахын төлөө Ерөнхийлөгч Байден ийм хүчин зүтгэл гаргаж байгаа юм чинь уг шалтгаанаар Америкт хоригдож буй хүмүүсийг бид яагаад суллахгүй байх билээ” гэж Маск мэдэгдсэн байна. Сагсан бөмбөгч Бриттни Грайнерийн зураг “Time” сэтгүүлийн хавтсан дээр хэвлэгдсэн нь тохиолдлын зүйл биш болох нь одоо хэнд ч ойлгомжтой. Америкийн бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалах хөдөлгөөний тусгай элч Жессика Стерн мэдэгдэхдээ Бриттнийг аль болох түргэн гэрт нь авчрахад туслах бодолтойгоо ч бас мэдэгдлээ. Тэрбээр “Бриттнигийн аюулгүй байдлын талаар би удаан бодлоо. Бриттни Грайнерийг төдийгүй Пол Уиланы адил бусад иргэдээ суллахыг АНУ-ын Засгийн газар Орост уриалсаар байна. Бид холбогдох шугамаар Оросын Засгийн газартай шууд харилцан ажиллаж буй” гэж хэлсэн байна. Сагсан бөмбөгөөр олимпын хоёр удаагийн аварга болсон Бриттни Грайнер хар тамхи дамлан худалдсан хэргээр хоёрдугаар сарын дундуур Шереметьевийн нисэх онгоцны буудал дээр баривчлагдсаныг сануулъя. Шүүх дээр энэ эмэгтэй өөрийнхөө бурууг хүлээсэн байдаг. Түүнийг баривчилсныг эсэргүүцсэн гомдлыг Москва мужийн шүүх нэг сарын дараа хэлэлцэв. Саатуулагдсанаас хойш 48 цаг болоод түүнийг баривчилсан тул харуул хамгаалалтын дор байлгах нь хууль бус гэж өмгөөлөгчид нь үзээд урьдчилан хорихыг гэрийн хориогоор солихыг хүссэн байна. Гэвч өмгөөлөгчдийн энэ хүсэлт шүүхийнхэнд нөлөөлсөнгүй. Хурц өвчнийг нь намдаах зорилгоор АНУ-ын эмч нар Грайнерт анагаах чанартай каннабис бичиж өгсөн гэж өмгөөлөгч нь мэдэгдлээ.
Пол Уиланыг тагнуулын хэрэгт сэжиглэн 2018 оны арванхоёрдугаар сард Москвад саатуулсан юм. Тэгэхэд тэрбээр Америкийн “Bord Warner” гэдэг автомашины сэлбэг үйлдвэрлэдэг компанид ажиллаж байв. Энэ хэргийг хаалттай дэглэмээр хэлэлцээд Уилан мэргэжлийн тагнуулч, Орост нууц мэдээлэл цуглуулж, Холбооны аюулгүй байдлын алба, Батлан хамгаалах яамны ажилтнуудыг өөрийн талд элсүүлэхийг оролдсон гэж үзэв. Уилан өөрийгөө буруугүй гэж үзэж, үүсгэсэн хэргийг өдөөн хатгалга хэмээн нэрлэсэн. 2020 оны зургадугаар сард шүүх түүнийг тагнуулын хэрэгт буруутгаж 16 жил хатуу дэглэмтэй колонид хорих ял өгсөн юм. Түүний өмгөөлөгч Владимир Шеребенков АНУ-д ял эдэлж байгаа орос хүмүүсийн нэгээр нь сольж болох юм гэж үзэж буйгаа мэдэгдэв. Ийм хүмүүст Виктор Бутийг оруулж болохыг ч хэлжээ. Уилан нь 50 настай, Канадын уугуул, эцэг, эх нь Британиас гаралтай юм. Сүүлийн жилүүдэд тэрбээр Детройтын хаяа хот Новид аж төрж байжээ. АНУ, Канадын давхар харьяалалтайн зэрэгцээ Британи, Ирландын иргэний үнэмлэхтэй хүн аж. Америкийн тэнгисийн явган цэрэгт алба хааж, Иракт байлдаж явсан, 2008 онд хулгайн хэрэгт холбогдсоны улмаас халагдсан байна. Оросын Аюулаас хамгаалах албаны нэг салбарын шуурхай ажилтнуудын нэрсийг агуулсан цахим төхөөрөмж (флаш)-ийг дээрх албаны эдийн засгийн аюулгүй байдлын К газрын танил хошууч нь Уиланд дамжуулсан байснаас түүнийг саатуулсан аж. “Воrd Warner” компанийг Орост нууц мэдээлэл цуглуулах ажилд халхавч болж байсан гэж үздэг. “Түүнийг АНУ-ын мэргэжлийн тагнуулч, бараг л Батлан хамгаалах яамных нь Тагнуулын газрын хурандаа гэж үздэг” гэж Шеребенков тайлбарласан байдаг.
Оросын бизнесмен Виктор Бут 2008 онд Тайландад баривчлагдсан юм. Түүнийг хууль бусаар зэвсэг наймаалдаг, алан хядах ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг гэж үзэж байв. Бут алан хядагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин-Ард түмний арми” гэдэг байгууллагад зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байжээ. 2012 онд 25 жил хоригдох ял авав. Пол Уиланы адил өөрийн бурууг хүлээсэнгүй. Бут шоронд 14 жил, Уилан 3.5 жил, Грайнер ердөө хагас жил болж байгаа юм. Бут эх орондоо очих боломж тийм ч найдвартай биш гэж өмгөөлөгч нь үздэг. Бутийн гэргий Алла болохоор нөхрийг нь хоёр америкаар солилцоно гэдэгт тэгтлээ итгэдэггүй байв. Тагнуулынханд “Чи дуугүй л байвал эх орон чинь чамтай хамт” гэсэн зайлбаргүй дүрэм байдаг юм. Виктор Бутийг мэргэжлийн тагнуулч гэж хэлэхэд хэцүү, ямар ч байсан өнгөрсөн 15 шахам жилийн хугацаанд биеэ өөлөх юм үгүй авч явж, илүү үг нэгийг ч хэлсэнгүй, өөрийгөө буруугүй гэж үзсээр байв. Пол Уилан ч яг түүн шиг байлаа. Орос орон Бутийн төлөө санаа тавьж байсан, АНУ ч түүнд хэрхэн хандсан нь нэгийг хэлээд байгаа юм.
CNN агентлагийн цацсан мэдээлэл америкчуудын хувьд сүйрлийн гэж хэлж болох 1961 онтой биднийг холбов. Тэгэхэд Кубын Кочинос буланд буусан хөлсний цэргүүд 72 цагийн дотор бут цохигдож, янз бүрийн эрх сурвалжийн баримтаар 80-120 хүнээ алуулж, 1197 нь олзлогдсон юм. Куба 156 хүнээ алдаж, 800 хүн шархадсан байна. 1962 оны дөрөвдүгээр сард олзлогдогсдын хэргийг шүүж, арванхоёрдугаар сард тэднийг 53 сая ам.долларын үнэ бүхий эм, хүнсний зүйлээр сольж Америкт хүлээлгэж өгөв. Нэг жилийн өмнө нисэх онгоцоор Зөвлөлтийн хилийг зөрчин орж ирээд Уралын нуруунд онгоцыг нь сөнөөсөн тагнуулч Фрэнсис Пауэрсийг 1962 онд мөн ийм тэнцвэргүй солио хийж АНУ-д өгсөн билээ. Пауэрсийг алагдсан гэдэгт Америкт эргэлзэхгүй байсан болохоор U-2 онгоцыг агаарын дээд давхрын цаг уурын байдал судлах энхийн зорилгод ашигласан гэх мэдээлэл түгэв. Нэг ийм онгоц Туркийн агаарын орон зайд байснаа алга болсон байв. Фрэнсис Пауэрсийн үед бүх юм өөр болсон байлаа. Түүнийг томоохон “юм”-аар солих болсон байна. Тэр том “юм” нь Зөвлөлтийн ихээхэн нууцлагдсан, шилдэг тагнуулч Рудольф Абель байлаа. 1962 оны хоёрдугаар сарын 10-нд Берлиний Глиник гүүрэн дээр Пауэрсийг Вильям Фишер (жинхэнэ нэр нь Рудольф Абель)-ээр солилоо. Энэ бол энд хийсэн анхны солилцоо байв. Хоёр жилийн дараа Зөвлөлтийн тагнуулч Конон Молодыйг Британийн Гревилл Виннээр солив.
Дорнодод баривчлагдсан Америкийн ТТГ-ын 23 хүнийг Өрнөдөд баривчлагдсан Оросын Аюулаас хамгаалах хорооны дөрвөн хүнээр 1985 онд сольж байв. Тэрс үзэлт Анатолий Щаранскийг Зөвлөлтийн тагнуулч, Чехословакийн иргэн Карл Кёхер болон түүний гэргий Ханагаар 1986 оны хоёрдугаар сарын 11-нд сольсон нь Глиниксийн гүүрэн дээр хийсэн сүүлчийн “арилжаа” байлаа. Ийм солилцоо тэр бүр тэнцвэртэй байдаггүй ч өнөө хэр нь түүнийг хийсээр л байна. Түүнд бас өөрийн гэсэн нууц бий. Шереметьевийн нисэх онгоцны буудал дээр буухад тээшнээс нь хар тамхи илэрсэн Израилын иргэн Наама Иссахарын үйлдэл шуугиан тарьж байв. Түүнийг Оросын кибер гэмт хэрэгтэн Алексей Бурковоор солихыг Оросын эрх баригчид санал болгосныг Израилын тал зөвшөөрөлгүй Буковыг АНУ-д шилжүүлсэн юм. Америкийн оюутан Тревер Ридийг АНУ-д хугацаагаа дуустал шоронд хоригдсон орос нисгэгч Константин Ярошенкогоор солилцох үйл явдал Туркт болов. Ягрошенког АНУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд Либерид 2010 оны тавдугаар сард баривчилж, ихээхэн хэмжээтэй хар тамхи тээвэрлэхээр зэхэж байсан гэж буруутгасан юм. Хожим нь түүнийг АНУ-д аваачиж 2011 оны есдүгээр сарын 7-нд 20 жилийн ял өгөв. Ярошенко өөрийгөө буруутай гэж үзээгүй аж.
Солилцох үйл явц урт хугацааны яриа хэлэлцээний үр дүнд л хэрэгжих боломжтойг ОХУ-ын Гадаад хэргийн яам онцолж байв. Хэрэв хоёр тал үр дүнд хүргэхийг хүсэж байгаа бол түүнийг хэн ч мэдэж байх учиргүй, олон улсын харилцаанд ийм байдаг ёс журамтай. Тийм болохоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэхдээ тодорхой нэр ус хэлсэн нь хачирхалтай үйл явдал болов. Америкийн дотоод дахь байдал, тодруулбал, арваннэгдүгээр сарын 8-нд болох Конгрессийн сонгууль түүнд шахалт үзүүлсэн гэлтэй. Энэ сонгуульд АН ялах магадлал тийм ч их биш байгаа юм. Оросын шоронд байгаа америк иргэдийг суллахын төлөөх тэмцэлд дуулиантайхан ялалт байгуулах, үгүй ядаж шуугиан тарьж байж ялагдах хэрэгтэй байгаа аж. Тиймээс тохиролцоог цагаас нь эрт олон түмний сонорт хүргэхийг Оросын тал яарахгүй байсан нь учир шалтгаантай.
CNN-ий мэдээлснээр Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан асан Вадим Красиковыг солилцох саналыг Оросын тал наймдугаар сарын эхээр албан бус шугамаар тавьжээ. Энэ хүн Чеченийн хээрийн цэргийн командлагч байсан Зелимхан Хангошвилийн амийг хөнөөсний учир бүх насаараа хоригдох ял Берлинд авсан юм. Оросын хувьд тэнцвэргүй солилцоо хийхийг америкчууд эрмэлзэж буй нь саад болж байлаа. Америкчууд ганц Бутээр Грайнер, Уилан хоёроо сольж авахыг хүсээд байв.
Энэ солилцоо хэзээ болох, ерөөс ийм солилцоо хийх, эсэхийг одоо хэлэхэд төвөгтэй. Албан ёсны мэдээнд Оросын “зэвсгийн барон”-ы нэрийг дурдахгүй байна. Оросын шоронд 17 америк хоригдож байдаг, Америкийн шоронд 100 орчим орос хүн байдаг гэх мэдээлэл бий. Хэдэн тэрбум ам.доллар угаасан хэрэгт холбогдсон Оросын иргэн Александр Винникийг Вашингтоны хүсэлтээр 2017 онд Грект баривчилж 50 жилийн ял оноох аюул нүүрлээд байлаа. Гэвч ийм хүнийг Америкийн шоронд удаан байлгаж болохгүй гэж үзэж байв. Тэрбээр солилцоо хийхэд Буттэй хамгийн гол өрсөлдөгч байлаа. Солилцох хүмүүсийн тоонд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны ажилтан байсан, хар тамхи дамласан хэргээр Москвагийн нэгэн дүүргийн шүүхээс 14 жил хатуу дэглэмтэй хориход ял эдлэх шийтгэл хүлээсэн Марк Фогель ч орж байв. Оросуудаас гэвэл Америкийн шоронд байгаа программ зохиогч Роман Селезнев юм уу, америк хүмүүсийг хулгайлсан Дмитрий Украинский ч солилцох хүмүүсийн дотор байж болох. Яриа хөөрөө хийж л байгаа, яаж төгсөхийг өнөөдөр хэн ч хэлж чадахгүй. Солилцоо хийхэд өрсөлдөх хүмүүс бас байна.
Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх байсан Жон Болтон цэргийн олзлогдогсдыг солилцох нэг хэрэг, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хувьд энэ нь огт өөр юм гэж үзэж буй. Жон Болтон хэт эрс тэрс хандаж байж ч мэднэ. Ямар ч байлаа гэсэн Пол Уилан ч, Бриттни Грайнер ч, Виктор Бут ч гэртээ харих ёстой.