Найман жилийн өмнө төрийн эргэлт хийж, засгийн эрхийг авсан Ерөнхий сайд Прают Чан-Очагийн бүрэн эрхийг Тайландын Үндсэн хуулийн шүүх түдгэлзүүлэв. Түүнийг тус улсын Үндсэн хуульд заасан, найман жил Ерөнхий сайдаар ажиллах бүрэн эрхийн хугацааг хэтрүүлсэн, эсэхийг шүүх шийдвэрлэх аж. Засгийн газрынх нь хэвлэлийн төлөөлөгч Ануча Бурапачайсригийн мэдээлснээр Сайд нарын танхимыг 77 настай Шадар сайд Правит Вонгсуван түр удирдах гэнэ.
Генерал Прают Чан-Оча найман жил гаруйн өмнө засгийн эрхэнд гарсан. Тэрбээр гурван жилийн өмнө болсон сонгуулийн дараа эвслийн Сайд нарын танхимын тэргүүнээр улиран ажилласан юм. Тайландын орчин үеийн түүхэн дэх 13 дахь удаагийн цэргийн эргэлтийг амжилттай удирдсан тэрбээр шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулжээ. Үүнд Ерөнхий сайдын албан тушаалыг найман жилээс дээш хугацаагаар хашихыг хориглосон заалт багтсан аж. Сөрөг хүчний намууд нь Прают Чан-Очагийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэж байна. Генералыг дэмжигчид түүний бүрэн эрхийн хугацааг таван жилийн өмнө Үндсэн хууль батлагдсан үеэс бус, өнгөрсөн сонгуулиас хойш тооцох ёстой гэв.
Шүүх Прают Чан-Очагийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзвэл парламент нь 2019 оны сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдээс шинэ Ерөнхий сайдыг сонгох аж. Хэрэв шүүхээс түүний бүрэн эрхийн хугацааг 2017, эсвэл 2019 онд албан ёсоор эхэлсэн гэж үзвэл тэрбээр дараагийн сонгуулийн дүнгээс хамаарч 2025, 2027 он хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж магадгүй юм. Үндсэн хуульд нь заасны дагуу дараагийн сонгууль ирэх оны тавдугаар сард болно. Гэсэн ч одоогийн Ерөнхий сайд ээлжит бус сонгууль зарлаж, Төлөөлөгчдийн танхимаа тараах эрхтэй. Энэ тохиолдолд танхим тарснаас хойш 60 хоногийн дотор сонгууль зохион байгуулна. Гэхдээ арваннэгдүгээр сард Бангкок хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын дээд хэмжээний уулзалт дуусахаас өмнө сонгууль болох магадлал бага гэж эрх баригч намын гишүүд үзэж байна.