АНУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх бөгөөд тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн Энтони Фаучи төлөвлөснөөсөө хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарахаар шийджээ. Өдгөө 81 настай тэрбээр карьерынхаа шинэ хуудсыг нээхээр төлөвлөж, ажиллах эрч хүч дүүрэн хэвээр байгаагаа мэдэгдэв. Гэсэн ч ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдахчууд ялбал коронавирус дэгдсэн нөхцөл байдлыг шалгахыг шаардаж, Энтони Фаучи гэм буруутан болж мэдэх болгоомжлолоос үүдэн ийм шийдвэр гаргасан гэж АНУ-ын шинжээчид үзэж байна.
Тэрбээр арванхоёрдугаар сард албан тушаалаасаа огцрохоо өөрийн удирддаг Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ. “Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, тус хүрээлэнгийн Дархлаа зохицуулах лабораторийн эрхлэгч, мөн Ерөнхийлөгч Жозеф Байдены эрүүл мэндийн ахлах зөвлөхийн албан тушаалаас огцорч буйгаа зарлаж байна. Дараагийн ажлаа хийхийн тулд ирэх арванхоёрдугаар сард эдгээр албан тушаалаа орхино” хэмээн эрдэмтэн Э.Фаучи бичжээ. Хэдийгээр 81 нас хүрсэн ч тэтгэвэрт гарахгүй, дараагийн ажилд шилжих эрч хүчээр дүүрэн хэвээр байгааг Энтони Фаучи тэмдэглэжээ.
АНУ-ЫН ДОЛООН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАСАН
Сүүлийн 40 орчим жилийн хугацаанд Рональд Рейганаас эхлээд АНУ-ын долоон Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж, зөвлөлдөж байсан нь асар их итгэл хүлээлгэсний илрэл болохыг тэрбээр дурдлаа. Энэ хугацаанд ДОХ, боом, шувууны ханиад, эбола, халуун орны чичрэг “Зика”, “Ковид-19” зэрэг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө ажилласнаа дурсав. Энтони Фаучи одоогийн Ерөнхийлөгч Жозеф Байдентай хамтран ажилласандаа баяртай байгаагаа онцлон тэмдэглэжээ.
Америкийн удирдагч ч зөвлөхийнхөө талаар түүнээс ч дутуугүй эелдэг сэтгэгдэл бичсэн байна. Жозеф Байден твиттер хуудсандаа Э.Фаучийг олон арван жил хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан тус улсын хамгийн төвөгтэй хямралын тэргүүн эгнээнд үнэнчээр зүтгэсэн төрийн албан хаагч хэмээн тодорхойлов. Мөн түүний ачаар “Америк илүү хүчтэй, илүү тогтвортой, илүү эрүүл болсон” гэжээ. Тэрчлэн Ерөнхийлөгч асан Барак Обама сэтгэгдлээ илэрхийлж, АНУ нийгмийн эрүүл мэндийн салбарт зуунд ганц тохиох манлайлагчтай байсан азтайг онцолсон байна. Доктор Фаучийг тахал өвчнийг даван туулуулахаар Америкт илгээсэн гэж Б.Обама үзэж буй аж.
Харин Энтони Фаучийн талаар дуугүй байхыг Дональд Трамп илүүд үзжээ. Энэ нь өндөр мэргэжилтний гавьяаг хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл байж болох юм. Үнэндээ эл эмчийн нэр Бүгд найрамдах намын нэр хүндтэй бусад олон хүний дургүйцлийг хүргэдэг. Энэ утгаараа Ерөнхийлөгч асан Д.Трамп боломжийг ашиглаагүй, урьдын олон тооны гомдол, санал зөрөлдөөнөө сануулаагүй нь харин ч гайхмаар аж. Энтони Фаучи нь Дональд Трамп болон түүний олон дэмжигчийн шүүмжлэлд нэг бус удаа өртөж байжээ. Түүгээр зогсохгүй хөнөөнө хэмээн сүрдүүлэх болсонтой холбогдуулан Э.Фаучи болон түүний гэр бүлийг хамгаалах нэмэлт арга хэмжээг АНУ-ын эрх баригчид авсан байна. Үргэлж мөшгүүлж байгаадаа сэтгэл хангалуун бус байдаг ч энэ нь огцрох шийдвэрт нөлөөлөөгүй гэж Энтони Фаучи “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ. “Айлган сүрдүүлдэг нь үнэн учраас яах ч арга байхгүй” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
БҮГД НАЙРАМДАХ НАМЫНХНЫ ШҮҮМЖЛЭЛИЙН БАЙ
Гэхдээ түүнийг өөр зүйл түгшээдэг байж болзошгүй. Сар гаруйн өмнө доктор Фаучи CNN-д өгсөн ярилцлагадаа ойрын хоёр жилийн хугацаанд (Ж.Байдены Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл) хаашаа ч явахгүй гэдгээ хэлжээ. Сар гаруйн дараа энэ бодлоо өөрчилсөн аж. “Ковид-19” цар тахлын эсрэг тэмцлийн гол дүрийн энэ алхам нь Бүгд найрамдах намын нөлөө бүхий хууль тогтоогчдын саяхан хийсэн тайлбараас үүдэлтэй байж болзошгүй. Арваннэгдүгээр сард болох сонгуульд нам нь ялбал тэдгээр хууль тогтоогчийн хоёр нь Конгрессын гол хоёр хороог удирдаж, Энтони Фаучигийн эсрэг мөрдөн шалгалтыг эхлүүлэх бололтой.
Эхнийх нь Сенатын Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, тэтгэврийн хорооны даргад нэр дэвшиж магадгүй, Кентукки муж улсаас сонгогдсон гишүүн Рэнд Пол юм. Цар тахлын эриний эхэн үеэс л Э.Фаучийг эрс эсэргүүцэж, түүнийг огцрохыг шаардсан хүн бол Рэнд Пол. Шинэ Конгресст Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хорооны даргад нэр дэвших Жим Жордан (Охайо муж улс дахь Бүгд найрамдах намын гишүүн) тус улсын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтнийг мөрдөн шалгахаар удаа дараа сүрдүүлж буй. Хэрэв Бүгд найрамдахчууд дор хаяж нэг танхимд олонх болбол тэд хуралдааны үеэр мэдүүлэг өгүүлэхээр зарлан дуудах хуудас илгээхийн сацуу цар тахалтай холбоотой янз бүрийн, тухайлбал, нууцын зэрэглэлтэй баримт бичигтэй танилцах боломжтой юм.
Бүгд найрамдах намын хууль тогтоогчид Ерөнхийлөгч Ж.Байдены эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Энтони Фаучийг албан тушаалаасаа огцорсон ч түүнийг шүүхэд өгөхөд саад болохгүй хэмээн нотолж буйг “Foxnews”уламжлав. “Фаучи огцрох нь цар тахлын шалтгааныг бүрэн мөрдөн шалгахад саад болохгүй” гэж сенатч Рэнд Пол тус телевизэд өгсөн ярилцлагадаа баталжээ. Мөн тэрбээр Э.Фаучийг лабораториос “Ковид-19”-ийн вирус алдахад оролцсонтой нь холбогдуулан байцаана” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтнийг зүгээр явуулахгүй гэж байгаа Рэнд Полын байр суурийг Бүгд найрамдах намынхан нь дэмжиж байгаа аж. Тодруулбал, Бүгд найрамдах намын Мөрдөн шалгах хорооны дарга Жим Бэнкс твиттер хуудсандаа “Бүгд найрамдахчууд Фаучийг тэтгэвэрт гарсны дараа ч хариуцлага хүлээлгэнэ гэсэн амлалтдаа хүрэх ёстой бөгөөд түүн шиг албан тушаал хашиж байгаа хэн ч олон нийтийн итгэлийг урвуулан ашигладаггүй болгох ёстой” гэж бичжээ.
“ЭРДЭМТЭД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД АЖИЛЛАДАГ”
Москва дахь Америкийн их сургуулийн ерөнхийлөгч Эдуард Лозанский “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа “Том гамшиг тохиолдоход зарим нь түүнээс хэрхэн мултрах арга замыг хайдаг, нэг хэсэг нь буруутгах хүн эрдэг” хэмээн тэмдэглэжээ. “Эрдэмтэд ихэвчлэн тэргүүн эгнээнд ажилладаг, харин шинжлэх ухаан, улс төрийн сонирхогчид хоёрдугаарт гарч ирдэг. Хэдэн арван жилийн турш олон халдлага, дайралттай тэмцсэн Фаучи алдаа гаргасан байж болох, алдахгүй хүн үгүй. Эцсийн эцэст нь цар тахлыг бүрэн дараагүй ч ядаж хяналтад авсан. “Ковид-19”-ийн талаар өөр зүйл хэлэх боломжгүй ч ахиц дэвшил илт харагдаж байна” гэж тэрбээр ярьжээ.
“Энтони Фаучи хугацаанаасаа өмнө огцрохоор шийдсэн нь Конгрессын хоёр танхимын нэгд Бүгд найрамдахчууд ялах магадлалтайн сацуу мөрдөн байцаах ажиллагаа эхэлж, үүнд орооцолдохоос зайлсхийхийг тэрбээр хүсэж байгаатай холбоотой гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Ташрамд дурдахад, улстөрчид түүнийг огцорсны дараа ч үүнийг хийж чадах ч үр нөлөө нь тийм ч хүчтэй биш, эрүүл мэндээ хохироохгүйгээр үлдэх боломж илүү” гэж Эдуард Лозанский дүгнэжээ.
Энтони Фаучи Нью-Йоркийн Брүклин дүүрэгт итали гаралтай эмзүйчийн гэр бүлд мэндэлсэн. Тэрбээр Манхэттэн дэх иезуитийн сургууль төгсөөд, Ариун загалмайн коллежид 1958-1962 онд суралцан, бакалаврын зэрэгтэй төгсөж, 1966 онд Корнеллийн их сургуулийн Анагаах ухааны коллежийг (одоо Вейл Корнеллийн нэрэмжит болсон) дүүргэн, анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. Нью-Йоркийн Корнеллийн анагаах ухааны төвд хоёр жил дадлага хийсэн. Тэрбээр 1968 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн клиник судалгааны лабораторид орж, 1974 оноос клиник физиологийн тэнхимийнх нь эрхлэгчээр ажиллажээ. 1980 оноос өнөөг хүртэл тус хүрээлэнгийн Дархлаа зохицуулах лабораторийн эрхлэгч, 1984 оноос хойш түүний эрхлэгчээр ажиллаж байна. 1980-аад оны эхээр ХДХВ-ийн судалгаагаараа биоанагаахын нийгэмлэгт танигдаж, мөн ревматологийн салбарт хүлээн зөвшөөрөгджээ.
Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдийг удирдах санал тавьсан ч тэрбээр татгалзсаар байсан аж. Конгрессын өмнө 250 гаруй удаа үг хэлсэн гэнэ. 2015 онд эбола вирус дэгдэх үеэр халдвар авсан сувилагч Нина Фамын эмчилгээнд биечлэн оролцсон байна. Э.Фаучи гүйх дуртай. Америкийн халдварт өвчин судлалын 2020 оны шилдэг хүн, тус улсын Урлаг, шинжлэх ухааны академи (1991), Данийн Хааны шинжлэх ухааны академийн гишүүн. АНУ-ын Үндэсний анагаах ухааны академийн Удирдах зөвлөлийн гишүүн. Америкийн эмч нарын коллеж, Клиник судалгааны нийгэмлэг, Америкийн эмч нарын нийгэмлэг, Дархлаа судлалын болон харшил, багтраа судлалын академийн гишүүн аж. Харрисоны дотоод анагаах ухааны гарын авлагын редактор, олон шинжлэх ухааны сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн. Тэрбээр мянга гаруй эрдэм шинжилгээний бүтээл, хэд хэдэн нөлөө бүхий сурах бичгийн зохиогч, редактор.
Э.Фаучи бол Америкийн тэргүүлэх вирус судлаач бөгөөд вакцинжуулалтыг хүчтэй дэмжигч, нэмэлт тунг батлах зэрэг олон санаачилгыг дэмжиж ирсэн. Тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ-д “Ковид-19”-ийн цар тахлын эсрэг тэмцэж эхэлжээ. Гэвч тэдний хооронд үл ойлголцол үүссэн талаар хэвлэлүүд мэдээллэж байв. Улмаар Ж.Байдены засаг захиргаанд үргэлжлүүлэн ажиллажээ.
Энтони Фаучи АНУ-ын долоон Ерөнхийлөгчийн үед 50 гаруй жил халдварт өвчин хариуцан ажилласан ч Дональд Трампын засаг захиргаанд Цагаан ордны коронавирусийн эсрэг ажлын шуурхай хэсгийг удирдсаны дараа дэлхий даяар алдартай болсон аж.
Фаучи өөрийгөө ДОХ-ын эсрэг тэмцэлд түүхэн гавьяа байгуулсан гэж үздэг. Энэ вирусийг судлахад бүхий л амьдралаа зориулж, 1984 оноос 38 жилийн турш Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнг удирдаж байна.
Өнгөрсөн сард “Fauci politico” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ковид-19”-ийг улстөржүүлэхгүй байхыг маш их хүсэж байгаагаа дурдсан. Цар тахал намжих болоогүй учир түүний туршлага цаашид ч эрэлт хэрэгцээтэй байна гэж Э.Фаучи тэмдэглэжээ. Үнэхээр ч Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр АНУ коронавирусийн халдвар, нас баралтын тоогоор дэлхийд нэгдүгээрт жагссан хэвээр байна. Тус улсад халдварын 90.6 сая тохиолдол бүртгэгдсэнээс нэг сая гаруй нь нас баржээ.