Хичээлийн шинэ жил эхлэхээр оюутнуудад тулгардаг хамгийн том асуудал нь сургалтын төлбөр болдог. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр Боловсролын зээлийн сангаас оюутны хөгжлийн зээлд хамрагдах суралцагчдын хүсэлтийг хүлээн авахаар болсон байна. Зээлийн материалыг өнөөдрөөс сургуулиудын Сургалтын албанд хүлээн авах аж. Тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалавр, магистр, докторын шатлалд анх удаа суралцаж буй оюутан зээлд хамрагдах боломжтой. Нэгдүгээр курсийн оюутан бол элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх ёстой. Бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8, магистрант, докторантынх 3.2 болон түүнээс дээш байх шаардлагатай юм байна. Хүсэлт гаргах оюутнууд иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл, элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь, сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, тухайн улиралд судлах хичээлийн баталгаажуулсан жагсаалт, ирээдүйн зорилгоо тодорхойлох эсээ зэрэг материалыг бүрдүүлэх ёстой аж.
Бэлтгэсэн А.Түмэн-Өлзий