“Дээлтэй монгол наадам” Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалаар Сүхбаатарын талбайд эхэлж байна. Тус наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм. Улмаар монгол үндэсний хувцас болох дээлний олон янзын загвар, донж маяг, хаад хатдын дээл гоёлоос эхлээд бөө зайрангийн хувцас хуяг, морьтон монголчуудын хувцаслалтыг илэрхийлдэг билээ.
Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй. Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан 16 дахь жилдээ зохиож байгаа наадам Сүхбаатарын талбайд 11.40-20.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Тухайлбал, дээлтэй жагсаалын дараа үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын тоглолт болно, улмаар орой дээлтэй диско болох нь ээ. Ингээд “Дээлтэй монгол наадам”-д оролцогчдоос шилдэг дүүрэг, шилдэг байгууллага, шилдэг хос, шилдэг хүүхэд, бүжгийн аяны шилдэг оролцогч, шилдэг дээл урлаач зэрэг номинаци тодруулснаар наадам өндөрлөнө.