21 аймгийн багийн аварга шалгаруулах “Хөвсгөл цом 2022” шатрын анхдугаар тэмцээн Мөрөн сумд болж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд долоон аймгийн найман багийн 72 тамирчин оюун ухаан, ур чадвараа сорьсноос Сэлэнгэ аймгийнхан (11 оноо) тэргүүлж, алтан медаль, аваргын цом гардав. Хэнтийн шатарчид (10 оноо) удаалж, Орхон аймгийнхан (есөн оноо) III байрт шалгарсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд Н.Баттулга, эмэгтэйчүүдээс Т.Номиндала, блиц ангилалд Э.Хулан, Шатрын холбооны тэргүүнүүдийн дундах тэмцээнд Хөвсгөл аймгийн Шатрын холбооны тэргүүн Х.Батчулуун аваргаллаа. Багийн ахлагч нарын дундах тэмцээнд “Хөвсгөл 1” багийн ахлагч М.Хуягбаатар түрүүлсэн байна. Шатрын спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Энэтхэг улсын Ченнай хотод энэ сарын 26-наас ирэх сарын 10 хүртэл зохион байгуулах дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од, Ц.Батсайхан нарын удирдлагад Монголын багийнхан 187 орны шилдэг 343 тамирчидтай эмэгтэй, эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөнө.