Дорнод аймгийн Халх гол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Буйр нууранд хийлдэг завьтай 2 том хүн, 3 хүүхэд алга болжээ. Цагдаагийн байгууллага уг мэдээллийг шалгаж, 22 настай, эрэгтэй “Б”, 22 настай, эмэгтэй “Б”, 2 настай, эрэгтэй “Д”, 4 настай, эрэгтэй “Т”, 3 настай, эмэгтэй “М” нарын 5 хүн тус нуурын усанд хийлдэг завьтай явж байгаад алга болсныг тогтоожээ. Дуудлагын дагуу хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ж.Ганбаатараар ахлуулсан эрлийн зургаан бүлэг, Халх голын Онцгой байдлын алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Дээрх иргэдийг өнөөдөр өглөө 05.15 цагт Монгол Улсын усан хилийн ойролцоо 4 километр орчимд Монгол Улсын нутаг дэвсгэрт эсэн мэнд хөвж байсныг олсон байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж, гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг анхааруулж байна. Урд жилүүдэд буйр, өгий зэрэг нуурт хийлдэг завь, хийлдэг гудастай хүмүүс нуурын ус руу орж салхинд туугдан амь нас эрүүд мэнд нь эрсдэлд орох үйл явдал цөөнгүй бүртгэгдэж байсан билээ.