ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаад валютын өр (Евро бонд) төлөх түр шинэ журам тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа. Баримт бичгийн дагуу Орос улс гадаад валютын өрийг рублиэр төлөх боломжтой болно.
Энэхүү төлбөрийн схем нь рублийн данс нээлгэснээр Оросын хийн төлбөрийг рублиэр хийх механизмтай төстэй байх аж. “ОХУ үнэт цаасны хадгаламж эзэмшигч гадаадын этгээдийн нэр дээр (түүний бие төлөөлөгчийг биечлэн байлцуулахгүйгээр) «И» ангиллын рублийн данс нээлгэх тухай хүсэлтийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газар болох банк бус зээлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж баримт бичигт дурджээ.
Тогтоолд дурдсанаар, хэрэв гадаад валютаар хүлээсэн үүргийн дүнтэй тэнцэх хэмжээний рублиэр төлсөн бөгөөд ОХУ-ын дотоод валютын зах зээл дээрх гадаад валютын ханшаар тооцсон бол евро бондоор хүлээсэн үүргийг биелүүлсэн гэж үзнэ. Энэхүү дансны ашиг хүртэгч нь еврогоор гаргасан бондыг эзэмшигчид байх аж. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн шинэ схемийн дагуу еврогоор гаргасан бондын төлбөрийг хийх банкуудыг 10 хоногийн дотор тодорхойлж, техникийн асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газар, Сангийн яамдаа даалгажээ.
Энд сануулахад Путин Оросын байгалийн хийн төлбөрийг "найрсаг бус орнууд" төлөх шинэ журмын тухай зарлигт гуравдугаар сарын сүүлчээр гарын үсэг зурсан юм. Оросын байгалийн хийг худалдан авахын тулд дээрх орнууд Оросын банкуудад рублийн данс нээх хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн билээ.