Цементийн үйлдвэрүүдийн түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүй хангах, хомсдолыг бууруулах зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН харилцан үүрэг хүлээж ажиллахаар болжээ. Авто замын тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор их хэмжээний барилгын материал, бараа, бүтээгдэхүүнийг төмөр замаар ханган нийлүүлж буй. Гэсэн ч Хятад руу оруулсан вагонуудад ачилт удаан хийгдэн, 21 хүртэлх хоногоор хүлээж буйгаас вагоны хүрэлцээ багасан, барааны нийлүүлэлт буурч, эрэлт нь өсжээ. УБТЗ-ын мэдэлд 1800 вагон байдаг ч Хятадад хүлээлт үүссэнээс шалтгаалан хүрэлцэхгүй болж эхэлсэн аж. Гэсэн ч барилгын гол нэрийн материал болох цементийн үйлдвэрүүдийн түүхий эдийн татан авалтад шаардлагатай вагоныг УБТЗ-аас нэмж гаргах, эсвэл тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх талаар арга хэмжээ авах үүргийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо өгсөн байна. УБТЗ-аас ч шаардлагатай ажлыг хийхээ илэрхийлжээ. Ташрамд дурдахад, уржигдрын байдлаар барилгын материалын “Хангай” захад нэг уут цемент 25 000, тонн нь 450 000-480 000 төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 60 орчим хувиар өссөн дүн юм.