Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн тавдугаар сарын болон оны эхний таван сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх жилийн мөн үеийнхээс 15.1, 2021 оны эцсээс 7.9, дөрөвдүгээр сарынхаас 1.4 хувиар нэмэгдсэн аж. Уг өсөлтөд бүх төрлийн хүнс, согтууруулах болон бусад ундаа, усны үнэ дунджаар 18, эм тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 13, ус, цахилгаан, хий, бусад түлшнийх 10 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1-5 дугаар сард, урьдчилсан гүйцэтгэлээр 6.5 их наяд төгрөг болж, жилийн хугацаанд 11.3, тэнцвэржүүлсэн орлого, тусламж 5.9 их наядад хүрч өмнөх оны мөн үеийнхээс 12 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээл 6.5 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 539 тэрбумын алдагдалтай гарав. Харин татварын нийт орлого 1-5 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наядаар өсжээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 35.3 хувиар, бусад татварын хэмжээ 2.4 дахин өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Тавдугаар сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 27.4 их наяд төгрөгт хүрч 2021 оны мөн үеийнхээс 190.9 тэрбумаар ахижээ. Үүнд төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 155.9, валютынх 1.2 их наяд төгрөгөөр өссөн нь түлхэц болов. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сард 20.1 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 5.1 их наядаар нэмэгдсэн дүн. Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгт хүрч, жилд 17.5 хувиар багассаныг ҮСХ-ны тайланд дурдлаа.