“Тогтвортой хөгжил, нийгмийн зөвлөл” төрийн бус байгууллагаас үндэсний сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд уул уурхай, эдийн засгийн чиглэлээр дагнан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчдийн баг өнгөрсөн өдрүүдэд Канад улсын Торонто хотод болсон, нэг дор 17 мянга гаруй хүн цуглуулсан “PDAC 2022” олон улсын уул уурхайд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг сурвалжиллаа. Канадын хайгуулч, олборлогчдын холбоо90 жилийн өмнөөс уламжлал болгон зохион байгуулж буй уг чуулга уулзалтаас хөрөнгө оруулагчид дэлхийн уул уурхайн хөгжлийн чиг хандлагыг баримжаалдаг юм. Мөн өөрийнхөө орны уул уурхайн салбарын хөгжлийг бусдынхтай харьцуулж, сайн туршлагаас нь хуваалцдаг.
Чуулга уулзалтад оролцсон хөрөнгө оруулагчид, судлаачид, уул уурхайтай холбоотой улс төрийн шийдвэр гаргагчдын амнаас “Ногоон шилжилт”, “Цэвэр эрчим хүч” гэсэн үг хамгийн олон удаа унав. Уг чуулганы салбар хуралдаан бүрт оролцогчид энэ талаар хөндөж ярилаа. Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж буйг эрдэмтэд тогтоосон. Өөрөөр хэлбэл, дэлхийд дулаарах үйл явц өрнөж буй. Үүний учир шалтгааныг хүлэмжийн хийтэй холбон тайлбарладаг. Хүлэмжийн хий нь дэлхийн агаар мандалд бүрхүүл үүсгэж, нарны туяаг буцааж ойлгохгүй байгаагийн улмаас дулаарч байна гэж эрдэмтэд дүгнэсэн. Хүлэмжийн хийг зургаан төрлийн хий бүрдүүлдэг аж. Үүнийг дийлэнхийг нүүрс хүчлийн хий бүрдүүлдэг гэнэ. Тиймээс хүн төрөлхтөн урт удаан хугацаанд оршин тогтнохын тулд нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй технологи хөгжүүлэх сорилттой тулгараад байна. Тэгэхээр цахилгаан болон газаар ажилладаг технологи хөгжүүлэх шаардлагатай гэсэн үг.
Сэргээгдэх эрчим хүчний станцууд, цахилгаан автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатайг чуулга уулзалтад оролцогчид онцолж байв. Үүнийг дагаад эрчим хүч хуримтлуулах овор хэмжээ ихтэй зай хураагуурууд үйлдвэрлэх шаардлага үүслээ. Энэ чиг хандлага уул уурхайн хоёр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг өсгөх нь. Нэгдүгээрт, зэсийн хэрэгцээг ойрын жилүүдэд хоёр дахин өснө гэсэн таамаглал дэвшүүлжээ. Зэс нь шинж чанараараа технологийн орц найрлагад хамгийн тохиромжтой металл гэнэ. Гэвч олборлолт нь буурах чиг хандлагатай байгаа аж. Учир нь дэлхийн зэсийн томоохон ордуудын хүдэр дэх агууламж буурч буй юм байна. Зэсийн уурхайнууд хэдийгээр олборлох, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч 2032 он хүртэл үйлдвэрлэл нь буурах дүр зураг гарчээ. Харин үүнээс хойш томоохон ордууд ашиглалтад оруулж, зэсийн нийлүүлэлт нэмэгдэнэ гэж тооцсон байна.
Канадын “Айвенхоу майнз” компани Конго улсад зэсийн томоохон орд илрүүлсэн. Тус компани болон түүний тэргүүн Роберт Фриландыг монголчууд Оюутолгойн ордыг нээснээр нь сайн мэднэ. Конго улсын Камоа какула ордыг найман жил хөгжүүлсний дараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх хүчин чадалтай уурхай болох аж. Өөрөөр хэлбэл, зэсийн томоохон нийлүүлэгч болно гэсэн үг. Тэднийх дэлхийн зэсийн үйлдвэрлэлд томоохон нөлөө үзүүлнэ гэж шинжээчид тооцож буй. Зэсийн эрэлт хэрэгцээ өсөж байх үед үйлдвэрлэл нь буурвал үнэ нь өсөж таарна. Оюутолгойн гүний уурхайг 2028 оноос бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар төлөвлөсөн. Үүнээс гадна МАК компани Цагаан суварга, “Занаду майнс” Хармагтайн зэсийн ордын олборлолтыг эхлүүлэх боломжтой. Тиймээс чуулга уулзалтад оролцсон монголчууд “Бидэнд зэсийн үнэ өсөх “цонх” үед өндөр өгөөж хүртэх боломж бүрдлээ” гэж ярьж байв.
Хоёрдугаарт, зай хураагуур үйлдвэрлэхэд шаардлагатай эрдэс минералуудын хайгуул, олборлолт, боловсруулалтыг хөгжүүлэх шаардлага тулгарсан. Учир нь цахилгаан машин үйлдвэрлэлээ гэхэд хэд хоног ч юм уу, хэсэг хугацаанд цэнэгээ барих чадалтай зай хураагуур суурилуулах шаардлага тулгарна. Нарийн технологийн орц найрлагад оруулах шаардлагатай болсон ховор элементүүдийг стратегийн буюу критикал минерал гэж нэрлэж буй. АНУ гэхэд никель, цайр, литий, кобальт гэх мэт 51 төрлийн элементийг критикал минералынхаа жагсаалтад оруулсан байв. Тэгэхээр хөрөнгө оруулагчид ирээдүйд үнэ цэн нь өсөх критикал минералын хайгуулд мөнгө зарцуулах хэрэгтэй болжээ. Дэлхийн улс орнуудаас Хятадын хөрөнгө оруулагчид газрын ховор элементийн хайгуулд ихээхэн мөнгө зарцуулах болсон гэнэ. Чуулганд оролцогчид газрын ховор элементийн хайгуул, олборлолт байгаль орчинд сөргөөр нөлөөлөх магадлалтайг сануулж байв.
“PDAC 2022” чуулга уулзалтын нээлтийн үеэр Канадын Байгалийн нөөцийн сайд Жонатан Вилкинсон тус улс 2050 онд гэхэд нүүрс хүчлийн хий ялгаруулдаггүй болох зорилт тавьснаа дуулгасан. Улмаар нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй байх зорилтдоо хүрэх судалгааг хийж эхэлжээ. Судалгааны ажилд эхний ээлжид 48 сая ам.доллар зарцуулах гэнэ. Тус улс уул уурхайн 31 төрлийн бүтээгдэхүүн олборлож, боловсруулж, мөн дахин боловсруулах үйл ажиллагаа одоогоор эрхэлж буй аж.
Ерөөс дэлхийн уул уурхай хөгжлийн чиг хандлага ESG гэсэн томьёололд багтахыг олон улсын чуулга уулзалтад оролцогчид ярьж байв. Ervironment буюу байгаль орчны асуудал уул уурхайн хөгжилд чухлаар тавигдах нь. Энэ салбар “Ногоон шилжилт” хийхээр зорилт тавих болсон нь байгаль орчноо хамгаалж буй хэрэг юм. Үүний учир шалтгааныг дээр дурдсан тул нурших нь илүүц. Social буюу нийгмийн зөвшилцлийг чухалчлах хэрэгтэй. Ялангуяа уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй нутгийн иргэдтэй зөвшилцөлд хүрэх шаардлагатай. Governance буюу засаглалыг сайжруулах ёстой. Аливаа улс, байгууллага, компани сайн засаглалтай байвал хурдтай хөгжиж, дэвждэг нь ойлгомжтой. Тиймээс уул уурхайн салбарын засаглалаа байнга анхаарч байх нь зүйтэй санж. Засаглалыг сайжруулах нь хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох замаар бодлого боловсруулагчдын хийх ажил. Тэгэхээр уул уурхайн сайн засаглал бүрдүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардах учиртай юм. Дээрх нь дэлхийн уул уурхайн ирээдүйн хөгжлийн тулгын гурван чулуу ажээ.
Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад нүүрсний компаниудыг оролцуулсангүй. Нүүрсний тухай бараг ярьсангүй. Уул уурхайд “Ногоон шилжилт” хийж байх үед нүүрсний тухай яривал олны доог тохуу болох шинжтэй байв. Хэдийгээр манай улс эрчим хүчний биш, металлургийн нүүрс олборлон экспортолдог, энэ тухай ярих нь зохимжгүй болжээ. Гэвч бидэнд Оюутолгойн уурхай байгааг нь зол юм. Чуулга уулзалтад Монголоос оролцогчид дэлхийн жишгийн дагуу хөгжүүлж буй Оюутолгойн уурхайгаа ярьж, нүүр тахалж явлаа. Борогдуу амьжиргаатай, айл амьтны ая тал харж амьдардаг эр ганц сайн дээлтэй. Тэр нь өөрт нь сайхан зохино. Наадам бүрээр тэр дээлээрээ гаргадаг. Оюутолгойн уурхайн бол Монгол Улсын наадамд өмсдөг ганц сайн дээл нь аж.
Уул уурхайн ирээдүйн хөгжлийн тулгын гурван чулуунаас манайхан нутгийн иргэдтэй хэрхэн зөвшилцөх шийдлийг яаралтай гаргах шаардлагатай. Энэ бол тулгамдсан асуудал болсон. Хэрэв шийдэл гаргахгүй орхивол уул уурхайн геологи, хайгуул манайд хөгжихгүй. Чуулга уулзалтын үеэр канадууд уул уурхайн компани нутгийн иргэдийн эдийн засгийн зохицол бий болгох саналыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компани нутгийн иргэдийг ажилд авахаас гадна үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг худалдаж авах, хөгжүүлж өөр зах зээлд гаргахад нь туслах гэх мэт ажлыг хийх шаардлагатай гэнэ. Ийнхүү уул уурхайн компани нутгийн иргэдийн хооронд эдийн засгийн зохицол бий болгож, аль аль талдаа мэдээллээ ил тод өгч ажилласнаар итгэл үүсдэг юм байна. Канадууд эхлээд нутгийн иргэдтэйгээ зөвшилцөлд хүрсний дараа уурхайгаа нээх нь дээр гэж үзэж байлаа. Тэд нутгийн иргэдтэй зөвшилцөлд хүрээгүй төсөл амжилттай хэрэгждэггүй гэж байв. Монголчууд эдийн засгийн зохицол гэдэг ойлголтыг орон нутгийн засаг захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас илүү өргөн хүрээнд харж, зохицуулалт хийх шаардлагатай юм байна. Олон улсын чуулга уулзалтын өнгө төрх, үг хэл, уул уурхайн цаашдын хөгжлийн чиг хандлагыг ийн зураглав.