Манай улсад хийн салбар сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Олон улсад ч эл салбарын хөгжилд дэвшил гарч, хийг стратегийн чухал түүхий эдэд тооцоод уджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилгоор метан хийн ялгарлыг багасгахыг НҮБ-аас уриалсан байна. Нүүрсний арвин нөөцтэй манай орны хувьд уг хийг ашиглахгүй бол агаарт дэгдэн, уур амьсгалд нөлөөлөхийн зэрэгцээ ашиггүй үрэгдэж буйг АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа онцоллоо. Одоогоор манайх хоёр талбайд туршилтын олборлолтын цооног өрөмдсөн бол зургаан талбайд дөрвөн компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэнэ. Эдгээрийн 75 хувь нь Өмнөговьд бий бөгөөд чулуун нүүрсний ордуудад нь метан хий их байх төлөвтэй аж. Түүнчлэн Австралийн Засгийн газрын техникийн тусламжаар метан хийн талбай болон хатуу ашигт малтмалын давхцалыг харьцуулсан судалгааны төсөл хэрэгжүүлж дуусжээ. Цаашид метан хийн нөөц их тогтоогдвол Улаанбаатарын утааг багасгах зорилгоор цахилгаан, дулаанаа хийн түлшнээс хангах боломж бүрдэх аж.