PDAC буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт цар тахлын улмаас хоёр он дамжин завсарласан. Оролцогчдын онцлон тэмдэглэснээр хүлээлт өндөртэй “PDAC 2022” чуулга уулзалт өнгөрсөн даваа гарагт Торонто хотод эхэллээ. Чуулга уулзалт энэ өдрүүд буюу 13-15-нд биечлэн, 28-29-нд онлайнаар болох юм. Орчин цагийн уул уурхайг 200 жил хөгжүүлсэн түүхтэй Канад улс уг чуулга уулзалтыг 90 дэх удаагаа зохион байгуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ удаад 90 жилийн ойн нь тохиож байна. Тэгвэл Монгол Улсад орчин цагийн уул уурхайг хөгжүүлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Уул уурхайн 100 жилийн түүхтэй манай улс Канадын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалтад 1997 оноос хойш оролцжээ. PDAC-д оролцож буй Монголын багийг тэргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Давост дэлхийн эдийн засгийн чуулганыг уламжлал болгон зохион байгуулж, улс орнууд тулгамдаж байгаа бэрхшээл, ололтоо ярьдаг. PDAC бол манай салбарынхны сайн, муу, хөгжлийн чиг хандлагаа ярилцдаг Давос юм” хэмээн онцлон тэмдэглэж байв.
Чуулга уулзалтад оролцогч улс орон өдөрлөг хийж, хөрөнгө оруулагчдад төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулдаг уламжлалтай. “Монголын өдөр”-ийг чуулга уулзалтын эхний өдөр УУХҮЯ, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгууллаа. Монголын уул уурхайн салбарынхан олон улсын хөрөнгө оруулагчдад хоёр гол мессеж өгөхөөр бэлтгэсэн нь “Монгол өдөр”-ийн зохион байгуулалтаас харагдаж байв.
Эхний мессежийг “Монголоос дараагийн Оюутолгойг хэн нээх вэ” гэсэн асуултын дор хүргэлээ. Монголын геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс цөөрсөн. Тиймээс геологи, хайгуулын салбарыг онцгойлон дэмжих шаардлага Засгийн газарт тулгараад буй. Засгийн газар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмаа юун түрүүнд шинэчилсэн. Уг журмын дагуу хөрөнгө оруулагчид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахын төлөө цахим хэлбэрээр нээлттэй өрсөлдөх юм. Мөн Монгол Улс хайгуул хийж болох бүх талбайгаа нэгэн зэрэг зарлахаар бэлтгэж байгаа. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл олгох хугацааг 4-10 хоног болгож, гурав дахин богиносгохоор болсон. Энэ талаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Монголын өдөр”-т оролцогчдод мэдээлэл өгөв. Тэрбээр геологи, уул уурхайн мэдээллийн сангуудаас англи хэлээр мэдээлэл хайх боломж бүрдсэнийг тэдэнд сануулж байв. Монголын газар нутаг геологийн судалгааны хувьд “цагаан цаас” гэж мэргэжилтнүүд ярьдаг. Өөрөөр хэлбэл, геологийн судалгаа дорвитой хийгээгүй гэсэн үг. Тиймээс Оюутолгой шиг баялаг нөөцтэй ордууд илрэх боломжтой гэж үздэг юм.
Дараагийн мессежийг “Тэгээс зургаан тэрбум ам.доллар” гэсэн томьёоллын хүрээнд өгөв. Монгол Улс уул уурхайн салбараас нэг ч төгрөгийн экспортын орлого олдоггүй байсан. Тэгвэл томоохон төслүүд хэрэгжүүлснээр сүүлийн үед жил бүр зургаан тэрбум ам.долларын орлого олдог болжээ. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, эдийн засгаа 3-4 дахин өсгөх зорилт тавьсан. Уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг. “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн салбарын экспортыг 3-4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж энэ салбарынхан үзэж буй. Уул уурхайн орлогыг нэмэгдүүлэхийн тулд эрдэс, түүхий эдээ боловсруулах шаардлагатай. Үүнээс гадна зөвхөн нүүрснээс хамааралтай байхаас сэргийлж, уул уурхайгаа солонгоруулах бодлого барим талж байгаа аж. Ингэхдээ хөгжлийн чиг хандлагыг даган шинэ тутам яригдах болсон критикал минералын орд нээж, солонгоруулах сонирхолтой гэнэ. Том гүрнүүд хүлэмжийн хий ялгаруулахаа багасгах үүрэг хүлээсэн. Тиймээс цахилгаанаар ажилладаг технологи хөгжүүлэх шаардлага тулгараад байгаа. Тиймээс батарей буюу цахилгаан хураагуурын орц болдог лити, кобальт зэрэг ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ өсөх нь тодорхой боллоо. Эдгээр нь ховор учраас стратегийн түүхий эд буюу критикал минерал гэж нэрлэдэг.
Хайгуулын салбартаа хөрөнгө оруулалт татах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд УУХҮЯ-наас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулаад буйгаа Г.Ёндон сайд дуулгасан. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилснээр уурхай нээхээс хаах хүртэл зохицуулалт илүү тодорхой болох аж. Тэгвэл бирж байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулж, бодит өгөөж хүртэх гэнэ. Иргэддээ газрын хэвлийн баялгийн өгөөжийг тэгш хүртээхийн тулд Баялгийн сангийн хуулийн төсөл боловсруулснаа Г.Ёндон сайд тайлбарласан.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах заалтууд тусгаж буйг дуулгав. Мөн хөрөнгө оруулалт татахын тулд “Тендер”-ийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль боловсруулснаа ярьсан. Товчхондоо, УИХ, Засгийн газрын төлөөлөл хөрөнгө оруулалт татах хууль, эрх зүйн орчноо боловсронгуй, таатай болгож буйг хөрөнгө оруулагчдад дуулгасан хэрэг. Тэрбээр “Уул уурхайн төслийг Засгийн газар, компани, нутгийн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс хуулийн төсөл ийм зарчмыг тусгаж байгаа” гэв.
Чуулга уулзалтын “Монголын өдөр”-т “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”, “Степ гоулд”, “Занаду майнз”, “ION энержи” компанийн төлөөлөл оролцож, танилцуулга хийсэн. “Оюутолгой” компанийн томилогдоод удаагүй байгаа гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер видео бичлэгээр Монголд дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдэх уул уурхайн том төсөл хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй бодит байдлыг хөрөнгө оруулагчдад ярьж өглөө. “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Монголын коксжих буюу металлургийн нүүрсний зах зээлийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгсөн. Хятадын гангийн хэрэглээ байнга өсөж байгаа аж. Утаа ялгаруулж буй учир том хотуудаас гангийн үйлдвэрээ зах нутаг руугаа гаргах болсон гэнэ. Тодруулбал, Өвөр монгол, Шинжаан-Уйгурт гангийн үйлдвэр байгуулах болсон байна. Эдгээр газар нутаг Монголтой хил залгадаг. Г.Батцэнгэл “Монголын коксжих нүүрсний зах зээл бидэнд улам ойртож байна. Хэрэгцээ нь буурахгүй нь. Тиймээс коксжих нүүрс ирээдүйтэй” гэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол”-ын доор байгуулах Нүүрс, эрчим хүчний группэд харьяалуулахаар болсон. Тус группэд есөн компани багтах гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын захирал А.Чинзориг энэ жил төмөр замын хоёр төсөл ашиглалтад оруулж, Тавантолгойн дулааны цахилгаан станц барьж эхлүүлнэ гэсэн мэдээлэл хөрөнгө оруулагчдад өгөв. Мөн баяжуулах үйлдвэр байгуулах төслөө үргэлжлүүлж, 2024 оноос хойд бүсээс говь руу ус шахах төсөл хэрэгжүүлнэ гэлээ.
Манай улс 1990-ээд оноос хойш шороон ордоос алт олборлож эхэлсэн. Одоогоор жилд 20 тонн алт олборлодог болоод буй. Тэгвэл одоо үндсэн ордоос алт олборлодог болох шилжилтийн үе эхэлж байна. Шорооноос алт ялгаж авдаг байсан бол чулуунаас авдаг болох гэж буй гэсэн үг. Алтны үндсэн ордыг хэрхэн хөгжүүлж буй талаар Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”, “Степ гоулд” компанийн удирдлага төслийнхөө талаар танилцуулга хийсэн.
“Занаду майнс”, “ION энержи” компанийн танилцуулга олны анхаарлыг татав. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Өмнөговь аймагт Хармагтайн алт, зэсийн ордыг эзэмшдэг “Занаду майнс” компани Хятадын зэсийн акул “Zijin” группэд гурван үе шаттайгаар хувьцааны хяналтын багцаа эзэмшүүлэхээр болжээ. Эхний шатанд тус групп “Занаду майнс”-ын хувьцааны 9.9 хувийг эзэмшээд байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Л.Ганбаяр “Хувьцаа эзэмшүүлэх хэлцэл гэрээ байгуулах шатандаа явж байна. Гэрээ байгуулаад 2026 он гэхэд бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх товтой хамтран ажиллахаар тохирсон” гэж ярив. Тэгвэл “ION энержи” компани Сүхбаатар аймагт Баавгай уул, Дорноговьд Ургах наран гэдэг газарт литийн хайгуул хийж байгаа аж. Мөнөөх критикал минерал хайгаад эхэлсэн гэсэн үг. Эхний өрөмдлөгүүдийн үр дүнгээс орд нээх магадлал өндөр байгаа нь харагджээ.
Ийнхүү Монголын уул уурхайн салбарынхан дэлхийн нөгөө бөөрөнд хүрэлцэн ирж хөрөнгө оруулагчдад баримталж буй бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, зорилтоо дуулгаж, төслүүдийнхээ талаар мэдээлэл өгсөн юм. Зэс, нүүрс, алтны салбарт хөрөнгө оруулах боломж өргөн байгааг тэдэнд ойлгуулав. Үүгээр зогсохгүй критикал минералын эрэл хайгуулыг дэмжээд эхэлснээ ч зарлалаа.