Манай улсын нийт гадаад өр 2022 оны эхний улирлын байдлаар 33.9 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1.5 тэрбум, өмнөх улирлаасаа 87.8 сая “ногоон”-оор өссөн үзүүлэлт аж. Гадаад өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл бүрдүүлжээ. Тэгвэл 8.4 тэрбум буюу 24.7 хувь нь Засгийн газар, 7.7 нь Төвбанк, 4.2 хувь нь Монголбанкнаас бусад хадгаламжийн байгууллагын зээллэг юм байна. Харин нийт өрийн 26.3 хувь буюу 8.9 тэрбум ам.доллар нь бусад салбарынханд ногдсон аж. Нэг жилийн хугацаанд Засгийн газрын өр 1.2, Монголбанкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 10.4 хувиар буурсан бол Төвбанкны зээл 18.8, компани хоорондын болон бусад салбарын өр тус бүр 6.7 хувиар нэмэгдсэнийг дээрх хорооны тайланд дурджээ.