Польшийн нийслэл Варшав хотод машинтай иргэд үндэсний томоохон нефть боловсруулах “Orlen” компанийн шатахуун түгээх станцуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Энэ тухай BBC мэдээлэв.
Ингэх болсон шалтгаан нь бензины үнийн өсөлт мөн шатхууны компаниудын марж /барааны өртөг борлуулатын үнийн ялгаа/ дээд хэмжээнд хүрсэн явдал байв.
“Money.pl” цахим хуудсын мэдээлж буйгаар эсэргүүцэл Польш даяар 110 сууринд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа аж.
Жагсагчид бага хэмжээний бензинийг худалдан авч, маш удаан шахан, зохиомол оочер үүсгэснээр шатахуун түгээх станцуудын хэвийн үйл ажиллагааг доголдуулжээ.
Эсэргүүцэл тайван бөгөөд ямар нэгэн хүчирхийлэл, түрэмгийлэлгүй явагдана гэж арга хэмжээг зохион байгуулагчид амлажээ.
Польшид А-95 бензиний үнэ зарим шатахуун түгээх станцуудад нэг литр нь 8 злот (ойролцоогоор 1.87 доллар) хэдийнээ хүрсэн байна. Цаашид энэ үнэ 10 злот болж өсөх магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Тавдугаар сарын 31-ний байдлаар Евро бүсийн инфляци 8.1 хувьд хүрч дээд амжилт тогтоосон тухай Европын статистикийн агентлагаас мэдээлсэн юм. Өмнөх дээд амжилтыг энэ оны 3-р сард тогтоосон бөгөөд 7.4 хувь байв.