Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж зарим асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Үүгээр манай улсын хамгийн анхны хамтын, нээлттэй хөрөнгө оруулалтын санд тусгай зөвшөөрөл олгосон нь онцлог боллоо. Өнгөрсөн сард тус сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн бөгөөд олон нийтээс санхүүжилт амжилттай татсан учраас ийнхүү сан бий болжээ. Урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сангууд үүссэнээр санхүүгийн хэрэгслийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хувьцаат компанийн засаглал болон тайлагналын ил тод байдал сайжрах давуу талтай аж. Нөгөөтээгүүр, иргэд, аж ахуйн нэгжүүд дээр дурдсан сангаар дамжуулан хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах, эрсдэлээ бусад хөрөнгө оруулагчтай хуваалцах боломж бүрдэх юм. Үүнээс гадна хамгийн өндөр дүнтэйгээр нийтэд санал болгох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэснийг мэдээллээ. Энэхүү үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерын компани зохион байгуулах буюу андеррайтерууд нь гар утасны аппликэйшны тусламжтайгаар хувьцааны данс нээн, үнэт цаас худалдан авах боломж бүрдүүлэх нь.