Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт энэ сарын 11-12-нд шилжих шөнө “Тоёота Карина” маркийн 12-99 УНГ дугаарын автомашинтай хүмүүс айлын гэр дайрч, гэрийн эзэгтэйн амь насыг хохироож, нэг настай хүүхдийг нь хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Уг ослыг жолооны курс төгсөөд нэг сар болж байгаа 20 настай Б гэдэг эмэгтэй гаргасан юм. Энэ хэргийн талаар Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Д.Чинзоригоос тодруулахад “Тухайн хэрэг гарсан өдрөөс хойш Б-г Ганц худагт саатуулан шалгаж байна. Батлан даалтад гаргаагүй, мөрдөн байцаалтын явцад ослын шалтгааныг тогтооно” гэв.