Манай улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний таван сард 7.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 21.9 хувиар өссөн дүн гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, тайлант хугацаанд 4.1 тэрбум “ногоон”-оор үнэлэх бүтээгдэхүүн борлуулсан бол импортод 3.1 тэрбумыг зарцуулжээ. Ингэснээр экспортоос олсон орлого, импортод зарцуулсан хөрөнгөөс 946.5 сая ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Экспортын нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 82.2, үнэт ба хагас үнэт чулуу 10.4 хувийг нь эзэлжээ. Харин импортын барааны 20 гаруй хувийг шатахуун, 15.8-ыг нь машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл бүрдүүлжээ. Дээрх хугацаанд 73 000 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүн экспортолсон бол 1.2 сая төрлийнхийг импортолсон байна. Импортын барааны 34 хувийг БНХАУ-аас, 30.5- ыг нь ОХУ-аас, 8.3-ыг нь Японоос авчээ.