“Төсвийн нээлттэй байдал 2021” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг Нээлттэй нийгэм форумаас өчигдөр танилцууллаа. Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас хоёр жил тутам эрхлэн гаргадаг дээрх судалгаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуурууд ашигладаг, хараат бус, харьцуулсан болон нотлох баримтад суурилсан дэлхийн цорын ганц судалгааны арга хэрэгсэл аж. Найм дахь удаагийн уг судалгаанд 120 орныг хамруулжээ. Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн ч төсвийн үйл явцад иргэд оролцох боломж олгож буй байдал хангалтгүй хэвээр байгааг судалгаанд дурдав. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60, олон нийтийн оролцоогоор ердөө 13-ыг авсан байна. Тэгвэл төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноо авчээ. Эргэн сануулахад, төсвийн ил тод байдлаар манай улс 2017 онд 46, 2019 онд 56 оноо авч байсан бол өнгөрсөн жилийн үнэлгээгээр ийнхүү 60-ыг авснаар 120 орноос 38-д эрэмбэлэгдсэн гэнэ.
Дээрхээс харахад, Засгийн газар олон нийтэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгаа аж. Иймээс төсвийн үйл явцад олон нийт оролцох боломжийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагын зүгээс төсвийн мөчлөгийн бүхий л шатанд олгох нь зүйтэйг сануулав. Тус судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагуудад хандан зөвлөмж гаргажээ. Тухайлбал, төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр хагас жилийн тайлан боловсруулж, цахим хэлбэрээр цаг тухайд нь нийтлэх, баталсан төсөвт ту хайн жилийн орлого, зарлагын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах зэргийг дурджээ.
Тэгвэл төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулахын тулд төсөв боловсруулах үе шатанд оролцоог нь хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх, мэдээлэл, харилцаа холбооны төрөл бүрийн сувгаар дамжуулан төсвийн төслийн талаар олон нийт санал бодлоо илэрхийлэх боломж олгох хэрэгтэй зэргийг тэмдэглэсэн байв. УИХ төсвийн төлөвлөлтийн үед хангалттай хяналт тавьдаг ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байгаа аж. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор хууль тогтоох байгууллагын байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, дүгнэлтийг нь цахимаар нийтэлж байх зэргийг зөвлөлөө.