ОХУ-ын газрын тосны экспортод хэсэгчлэн болон үе шаттай хориг тавихаар Европын Холбооноос шийдвэрлэсэн, урд хөршийн Шанхайд хоёр сар үргэлжилсэн хөл хориог цуцалсантай холбоотойгоор уг таваарын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэнээс шалтгаалж ханш нь өссөн тухай “Reuters” уламжиллаа. Тодруулбал, Европын Холбоо энэ оны эцэс гэхэд ОХУ-аас импортолдог газрын тосны хэмжээгээ 90 хувиар бууруулахаар тохиролцсон аж. Улмаар “Brent” маркийн нефтийн ханш 2.8 хувиар дээшилснээр өчигдөр баррель нь 122.8 ам.доллартой тэнцэв. Харин WTI маркийн нефтийн ханш тогтвортой байсан бөгөөд баррель нь 114.6 “ногоон”-той дүйж байлаа. Сонирхуулахад, дээрх хоёр төрлийн нефтийн ханш өнгөрсөн сард дээшилснээр сүүлийн хагас жилийн хугацаанд тасралтгүй өссөн дүн гарсныг шинжээчид тодотгов.