Эдийн засагт бүтээмж гэж чухал ойлголт бий. “Бүтээмж нь тодорхой хугацаанд үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ буюу гарцыг түүнийг бий болгоход зарцуулсан нөөцийн хэмжээ буюу орцод харьцуулснаар тодорхойлогдоно” гэж эдийн засгийн үүднээс томьёолжээ. Ерөнхийд нь авч үзвэл аливаа үйл ажиллагаанаас гарсан үр дүнг бүтээмж гэж нэрлэдэг. Өндөр үр дүнтэй байвал их бүтээмжтэй байна гэж ойлгож болох нь.
Эдийн засагчид бүтээмжийг баримжаалах хамгийн хялбар арга нь дотоодын нийт бүтээгдэхүүнээ ажиллах хүчиндээ хуваах гэдэг. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27 их наяд төгрөгт хүрчээ. Тэгэхээр монгол хүний жилийн бүтээмж 21.6 сая төгрөг байна гэсэн үг. Үүнийг өнөөгийн ханшаар хөрвүүлбэл 6900 ам.доллартой дүйж байна. Английн иргэн жилд 45 000 мянган ам.долларын бүтээмжтэй байгаатай харьцуулбал энэ нь олон дахин бага үзүүлэлт юм.
Бүтээмжид хүн амын тоо, хөдөлмөрийн насны хүн амын бүтэц, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эсэх, орлогын тэгш бус байдал, хот, хөдөөгийн хөгжил, жендер, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хүртээмжтэй санхүүжилт, чөлөөт худалдаа, дэвшилт технологи, өндөр боловсрол, сайн засаглал нөлөөлдөг аж. Өөрөөр хэлбэл, сайн засаглалтай, хүн амын бүтцэд нь хөдөлмөрийн насныхан их, иргэд нь өндөр боловсролтой, ядуурал багатай, эмэйтэйчүүд нь нийгмийн идэвхтэй, санхүүжилт авч, гадаадын хөрөнгө оруулалт татаж, дэвшилт технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэн, чөлөөтэй худалддаг орон бүтээмж сайтай байх нь. Бүтээмжид нөлөөлдөг дээрх хүчин зүйлээс Монгол Улс жендерт л хамгийн өндөр оноо авна. Учир нь монгол бүсгүйчүүдийн олонх нь дээд боловсрол эзэмшиж, ямар нэг тээг саадгүйгээр хөдөлмөр эрхэлж буй. Харин бусад үзүүлэлтэд манай улс тааруу оноо авах нь дамжиггүй.
Монгол Улс цөөн хүн амтай. Хөдөлмөрийн насны хүмүүсийнх нь 30-40 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй. Нэмүү өртөг шингээж үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ цөөн. Ядуурал газар авсан. Хүн амын 30 гаруй хувь ядуу гэсэн ангилалд байдаг. Хот, хөдөөгийн хөгжил сул. Санхүүжилт хүртээмжгүй. Үүнийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зээл олддоггүйгээс харж болно. Гадаадын хөрөнгө оруулагчид тоодоггүй. Төрийн засаглал муу. Тэгэхээр бүтээмжээ дээшлүүлэхийн тулд олон зүйлийг засаж сайжруулах шаардлагатай байгаа биз. Хаанаас нь эхэлж засаж, сайжруулах вэ гэж эрэмбэ гаргавал засаглалаасаа эхлэх хэрэгтэй. Эдийн засгийн чадавхтай, их гүрнүүдийн хөгжлийн нууц сайн засаглал байсан. Засаглал сайтай улс орнууд бусдаас түрүүлж хөгжсөн зүй тогтол ажиглагддаг.
Дэлхийн банкнаас 2020 онд хийсэн “Уул уурхай ба оюун ухаан” нэртэй эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааны тайланд “Монгол Улсын бүтээмжийн өсөлт тааруу байна” гэж дүнгэсэн. Тус тайланд “Монгол Улсын бүтээмж сүүлийн 10 жилд дорвитой өссөнгүй. Өсөлтийг бүтээмж бус, харин нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийн олборлолт, биет капиталын хуримтлал тодорхойлсоор ирэв. Харин хуримтлуулсан биет капиталын дийлэнхийг Монгол Улс эрдэс баялгийг олборлохоор уул уурхайн салбарт түлхүү ашиглаж байна. Сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлтөд үндсэн хүчин зүйлсийн бүтээмжийн оруулсан хувь нэмэр сөрөг утгатай байгаа нь эдийн засгийн өсөлт байгалийн баялагт суурилсан, бүтээмж муутай байсныг нотолно. Түүнчлэн эдийн засгийн бүтэц, орлогын хувьд ижил төстэй улс орнуудтай харьцуулахад Монголын бүтээмжийн өсөлт дэлхийн жишиг рүү харьцангуй удаанаар дөхөж байна. Монгол Улсын үндсэн хүчин зүйлсийн бүтээмж нь 2017 оны байдлаар АНУ-ын үндсэн хүчин зүйлсийн бүтээмжийн ердөө 35 хувьтай дүйцэхүйц хэмжээнд байв. Энэ нь ижил төстэй болон өндөр орлоготой жишиг улс орнуудтай харьцуулахад нэлээд доогуур үзүүлэлт юм” гэжээ.
Тэгэхээр Монгол Улс бүтээмжээ өсгөхөд анхаарах хэрэгтэй болжээ. Манай улсын хамгийн өндөр бүтээмжтэй салбар нь уул уурхай. Гэвч дэлхийн бусад оронтой харьцуулбал манай уул уурхайн салбарын бүтээмж доогуур байгаа аж. Бүтээмж муутай хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь нь ногддог. Энэ нь бүтээмжийн өсөлтөд саад болдог билээ. Аж үйлдвэрийн салбар хамгийн өндөр бүтээмж бий болгодог. Эл салбарт ажиллаж буй ажилтны хөдөлмөрийн бүтээмж үйлчилгээнийхээс хоёр, хөдөө аж ахуйнхаас дөрөв дахин өдөр байдаг аж. Аж үйлдвэрийн салбар дотроо бүтээмж өндөртэй, чанартай ажлын байр бий болгодог боловсруулах үйлдвэрлэлд ажиллах хүчний ердөө долоо хувь нь ногдож байгаа нь чамлалттай үзүүлэлт юм байна. Тиймээс хөдөлмөр, хөрөнгийн оновчгүй хуваарилалт бүтээмжийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж Дэлхийн банкныхан дүгнэсэн.
Бүтээмжийг дээшлүүлэхийн тулд хүний нөөц болон хөрөнгө оруулалт, санхүүжилтээ аж үйлдвэр, тэр дундаа боловсруулах үйлдвэрлэл рүү чиглүүлэх шаардлагатай аж. Япон Улс 120 сая хүн амтай. Үүний 12 сая нь Токио хотод амьдардаг. Өөрөөр хэлбэл, хүн амынх нь 10 хувь нь нийслэл хотдоо амьдардаг гэсэн үг. Гэвч Токио хот улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бий болгодог. Үүнийг бүтээмж өндөртэй боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлсэн учраас ийм өндөр үр дүн гаргадаг гэж тайлбарладаг юм.
Монгол компаниуд шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх чадвар сул байгаа нь бүтээмжийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа аж. Мөн манай улс судалгаа, шинжилгээ, хөгжүүлэлтэд санхүү болон хүний нөөц хуваарилахгүй байгаа нь инновацыг боомилж байна гэж дүгнэдэг. Судалгаа, шинжилгээ сайн хийвэл компаниуд үйл ажиллагаандаа инновац нэвтрүүлэх нь дамжиггүй. Үйл ажиллагаандаа инновац нэвтрүүлсэн нэгэн жишээг “Уул уурхай ба оюун ухаан” тайланд дурджээ. Уг жишээг энд эш татъя. Засгийн газраас 2008 онд газар тариалангийн салбарыг дэмжих жил болгосноор бордооны эрэлт үлэмж нэмэгдсэн билээ. Энэ байдлыг гярхай ажигласан тахиа шувууны мах, өндөг үйлдвэрлэдэг “Түмэн шувуут” компани шувууны сангасыг органик бордоо болгох судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан байна. Сангасыг зайлуулж, устгахад үлэмж зардал орно. Харин үүний оронд компани нь инновацад хөрөнгө оруулах шийдвэр гаргаснаар сул талаа харьцангуй давуу тал болгон хувиргаж чаджээ. Үр дүнд нь компанийн үйлдвэрлэлийн зардал буурч, өрсөлдөх чадвар өсөн, Монгол Улсын хөдөө аж ахуйн секторт эерэг дам нөлөө бий болсон байна.
Манай улс баялгийн хараал, голланд өвчин туссан нь бүтээмжийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэж болно. Тэгэхээр уул уурхайн салбарынхаа бүтээмжийг улам нэмэгдүүлэхийн тулд инновац нэвтрүүлэх, түүхий эдийг нь боловсруулах шаардлагатай нь харагдаж байна. Үүнээс гадна боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлбэл бүтээмж нэмэгдэх нь. Бүтээмж нэмэгдэхийн хэрээр эдийн засаг өсөж, улс орон хөгжинө. Монголд бүтээмжийн талаар ярьдаг, боддог улстөрч байхгүй. Улстөрчид бүтээмжийг өсгөх талаар ярьдаг, боддог, санал бодлоо хуваалцдаг болох хэрэгтэй.