Улсын хэмжээнд энэ сарын 3-наас тариалалтыг эхлүүлсэн. Буудайн тариалалтын ажлын явц өчигдрийн байдлаар 57.8 хувьд хүрснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Төмс, хүнсний ногооны тариалалт үүнээс харьцангуй бага буюу 28-29 хувьтай аж. Тодруулбал, улаан буудай 219 000, төмс 5000, хүнсний ногоог 3500 га талбайд одоогоор тариалаад буй юм байна. Мөн малын тэжээл 1300, тосны ургамал 11 200 га-д тарьжээ. Тариалалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүсэлт гаргасан 253 иргэн, аж ахуйн нэгжид буудайн 10 300 тонн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон гэнэ. Түүнчлэн арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй хөнгөлөлттэй зээлд газар тариалан эрхэлдэг 942 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ. Тэдгээрт нийт 55 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.