ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш олон улсын зах зээлд тогтворгүй байна. Олон улсын зах зээл дэх өөрчлөлтийг дагаж рублийн ханш төгрөгийн эсрэг чангарч, сулрав. Монголбанкнаас зарласан дундаж ханшаар өчигдөр рубль 51.31 төгрөгтэй дүйжээ. “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр рублийг 45 төгрөгөөр авч, 51-ээр зарж байсан. Тэгвэл ХААН банк 34.1 төгрөгөөр авч, 83.2-оор борлуулж байлаа. Банкуудыг зарим шинжээч рублийг өндөр үнээр зарж мөнгө хүүлж байна гэж зэмлэж буй.
ОХУ Украин руу дайрсны дараа хоёр долоо хоногийн турш рублийн ханш олон улсын зах зээлд огцом унасан. Тухайлбал, Монголбанкнаас зарласан дундаж ханшаар рубль энэ оны гуравдугаар сарын 10-нд 23.97 төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл гурван сар хүрэхгүй хугацаанд ханш нь хоёр дахин өсжээ. ОХУ Украин руу дайрсны дараа олон улс орон эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Энэ нь рублийн ханш огцом “уруудах”-д нөлөөлсөн юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүнээ рублиэр худалдах мэдэгдэл хийснээр уг валютын эрэлт нэмэгдэж, ханш огцом нь өссөн хэрэг. Эдийн засгийн шинжээчид рублийн ханш ойрын хугацаанд буцаад огцом буурна гэж таамаглаж байна.