Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг тогтвортой хэвээр үлдээсэн талаар цахим хуудсандаа мэдээлэв. Манай улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох орлого, дунд хугацааны өсөлтийн төлөв “B” зэрэглэлтэй бусад орныхтой харьцуулахад сайн байгаа хэмээн үзжээ. Харин гадаадын санхүүжилтээс өндөр хамааралтай, Хятад дахь түүхий эдийн нийлүүлэлтэд тулгуурласан эдийн засгийн хязгаарлагдмал орчинтой, улс төрийн тогтворгүй байдал нь дээрх зэрэглэлийг ахиулахгүй байхад нөлөөлсөн аж.
Дээрх агентлагийнхан Монгол Улсын эдийн засгийг 2022 онд 1.2 хувиар өснө хэмээн таамагласан гэнэ. Хил дээр гацаа үүссэн нь 2023 онд багасах төлөвтэй ч урд хөрштэй хийх худалдааны тасалдал удаан үргэлжилбэл эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхийг дурджээ. Хэрэв Украины дайнаас шалтгаалсан худалдааны тасалдал арилж, Монголоос нийлүүлэх голлох тавааруудын эрэлт Хятадад өндөр байвал манай улсын ДНБ 2023 онд 6.3, дараа жил нь 6.8 хувиар тэлнэ хэмээн тооцсон байна.
Засгийн газрын өр энэ оны эцэст ДНБ-ий 65.3 хувьд хүрч өсөж магадгүй хэмээн “Fitch” агентлагийнхан төсөөлжээ. Мөн нийт гадаад өр ДНБ-ий 167 хувьд хүрч болзошгүй гэж дүгнэсэн аж. Дээрх хугацаанд гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглав. Инфляц энэ жил 14.2 хувь болж, 2023 онд 10.8 байна хэмээн төсөөлсөн нь Монголбанкны зорилтот түвшин болох 4-8 хувиас давсан үзүүлэлт юм гэж тэмдэглэжээ.