Сэтгүүл зүйн “тогоо”-нд хамаатай хэн бүхэнд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Гэхдээ бид энэ өдрийг манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22-оор ухарч, 90 дүгээр байрт орсон харамсалтай мэдээтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас мэдээлж буйгаар 2022 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг Норвеги, Дани, Швед улс тэргүүлж, Монгол 90, Хятад 175, Хойд Солонгос 180 дугаар байрт шалгарчээ. Ийнхүү бид хэвлэлийн эрх чөлөөгөө алд дэлмээр тавиад туучихсан гунигт өдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж ирсэн. Өнөө жил Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран "Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форум зохион байгуулж, “Глоб интернэшнл” байгууллагаас “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг хийсэн бол, дээр дурдсанчлан “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас дэлхийн хэвлэлийн индексийг танилцууллаа. Мөн “М.Батдорж” сангаас шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, шалгарсан оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулсан гээд олон үйл явдал давхацсан өдөр байв.
"Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумаас сурвалжилга бэлтгэснээ та бүхэнд хүргэе ээ. Соёлын төв өргөөнд болсон үндэсний форум 09.00-т эхлэх байсан ч 10.00 цаг өнгөрөөж эхэллээ. Мэдээллийн араас цагтай уралдан гүйж явдаг сэтгүүлчдийн ажил нь амжаагүй юм уу, оролцогчдын ирц тааруу, заалныхаа 50 хувьд хүрэхтэй, үгүйтэй харагдсан. Харин ахмад сэтгүүлч цөөнгүй иржээ. Тухайлбал, Г.Дамба, Н.Даариймаа, Ц.Дашдондов нарын олон сэтгүүлч харагдсан. Ахмад сэтгүүлч Г.Дамба гуай хэвлэл мэдээллийн салбарт ухамсарт амьдралаа зориулсан нэгэн. Тэрбээр “Монголын Үнэн” сонинд 28, “Нийслэлийн сонин бичиг”-т 10 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ суусан ч “Их засаг” сонин, сэтгүүлийг эрхлэн гаргаж, хажуугаар 60-70 ном бүтээлцсэнээ хуучлав. Мөн “Их Монгол”, “Орхон” их сургуульд багшилж, мэдлэг оюунаа түгээхээс авхуулаад МҮОНРТ-д зөвлөж явжээ.
"Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумын чиглүүлэгчээр МСНЭ-ийн телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар ажилласан юм.
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа үндэсний форумыг нээж үг хэлэв. Тэрбээр, “Сэтгүүл зүйд хөгжил авчирсан технологийн дэвшил нь зөвхөн бидэнд нээгдсэн хаалга биш, дэлхийн 7 тэрбум хүнд нээлттэй боломж. Сэтгүүл зүй хэмээх мэргэжлийн талбар өөрийн орон зайгаа 7 тэрбум хүнтэй хуваалцаж байна. Цахим ертөнцөд хүн бүр мэдээлэл үйлдвэрлэгч, боловсруулагч, түгээгч болсон энэ байдал сэтгүүл зүйг мэргэжлийн тавцангаас түрж эхэллээ. Цар тахлын давлагаа гол харилцагчдыг нь нэрвэснээс дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн орлого 50 хувь буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 хувь нь үйл ажиллагаагаа царцаасан.
Чөлөөт хэвлэл шүүмжлэмтгий мөн чанартай. Сэтгүүлчид хурц хараа, хатуу үгтэй. Буруу, бурангуйг шүүмжилсэн сэтгүүлчдийг цахим орчинд бөөрөлхөн гадуурхах, гүтгэн доромжлох цахим халдлага түгээмэл боллоо. Мэргэжлийн сэтгүүл зүй оршин тогтнох, эсэх асуултын тэмдэгийн ард мэдээллийн дайн өрнөж байна. Баруун, зүүн тийш хэт туйлширсан байр сууриуд, хуурамч ба худал мэдээллүүд цахим орон зайд хяналтгүй тархаж, хуваагдал хагарлыг дэвэргэж байна. Тийм учраас сэтгүүл зүйг, сэтгүүлчдийг цахим бүслэлтийн сүүдрээс хамгаалах нь дэлхий нийтийн хамтын асуудал болсон. Тиймээс НҮБ-аас улс орнуудын төр засаг, Засгийн газрууд, сайн сайхны төлөөх сангууд, хөрөнгө оруулагчдыг хэвлэл мэдээлэлд дэмжлэг үзүүлэхийг уриалж, ингэхдээ ямарваа нэг барьцаа, агуулгын хяналт тулгахгүй байхыг сануулсан” хэмээсэн.
Үүний дараа манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэвлэлийнхэнд мэндчилгээ дайсныг хэвлэлийн төлөөлөгч нар нь уншиж танилцуулсан юм. Дараа нь салбартаа амжилт гаргасан, сэтгүүлч, редактор, сурвалжлагч нарыг “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулсан. Тодорхой хэлбэл, “Snews.mn” сайтын сурвалжлагч Ц.Эрдэнэтуяа, ТВ-5 телевизийн сурвалжлагч Б.Есүйхулан нар “Ган үзэгтэн” боллоо. Мөн “Блүүмберг” телевизийн албаны дарга Э.Анхбаяр, “Эрэн ньюс” сайтын тоймч Б.Батхуяг, “Toim.mn” сайтын Г.Лхагважав, MNC телевизийн Ц.Доржготов, “Zindaa.mn” сайтын эрхлэгч Н.Гантуяа, “Check.mn” сайтын сэтгүүлч Болор-Эрдэнэ нар "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" боллоо. Мөн МУИС-ийн багш доктор, профессор М.Зулькафил МСНЭ-ийн хүндэт тэмдгээр энгэрээ мялаасан юм.
Форумын салбар илтгэл эхлэхээс урьтаж, дуучин Г.Даваадалай мэндчилгээ дэвшүүлсэн. Ингээд эхний илтгэлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир тавилаа. А.Лувсан-Очир илтгэлдээ олон нийтийн статустай телевиз, радио хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалсан хөтөлбөртэй байдаг. Үүний дагуу журам гаргасан. Энэ чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөл байгуулсан гэх мэдээлэл өгсөн. Мөн “Харилцаа холбооны зохицуулах хорооноос 258 тусгай зөвшөөрөл олгосон. Үүний 5-ыг нь МҮОНРТ, 79-ыг өргөн нэвтрүүлгийн, 65-ыг арилжааны телевиз, 63-ыг радио, 35-ыг нь олон суваг дамжуулах үйлчилгээний компани эзэмшдэг. Олон суваг дамжуулах үйлчилгээний компаниуд 29 оны 199 сувгийг дамжуулдаг. Уг сувгуудын нэвтрүүлгийн агуулгад хяналт тавьдаг. Мөн сонгуулийн үйл ажиллагааны мэдээллийг хянадаг” хэмээв.
МСНЭ 21 аймагт, 24 салбар зөвлөлтэй. Тэднийг төлөөлж Дорнод аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Дэлгэрмаа илтгэл тавьсан юм. Хэвлэл мэдээллийн 441 байгууллагад өдгөө 4500 орчим сэтгүүлч байгаагаас 1000 гаруй нь хөдөөд ажиллаж, амьдарч байна. Сэтгүүлч Д.Дэлгэрмаа илтгэлээрээ “Орон нутагт сэтгүүлч хийх, хэвлэл мэдээллийн байгууллага болон салбар зөвлөл удирдах нь тус тусдаа асуудалтай. МСНЭ-ийн их хурал ойртмогц орон нутгийнхнаа санагалзаж, үүнийг дагаад аймаг бүрт сэтгүүлчдийн талцал үүсдэг. Би залуу хүний хувьд үүнийг эсэргүүцэж байна. Орон нутгийн сэтгүүлчдийн дундаж цалин 500-800 мянган төгрөг байдаг. Ийм нөхцөлд сэтгүүлч улстөрч, бизнес олигархуудын өөдөөс дуугарч чадах уу. Орон нутгийн сэтгүүлчид мэргэших шаардлагатай байна, хэвлэл мэдээллийн салбарт нэгдсэн удирдлага хэрэгтэй” зэрэг асуудлыг хөндсөн.
Харин “Өдрийн сонин”-ы албаны дарга Я.Баярбаатар “Уламжлалт хэвлэлийн зах зээлийн байдал, цаашдын хандлага сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр “Баримт, нотолгоотой мэдээлэл гаргахаар улс төрчид тухайн сэдвийг мартагнуулахын тулд өөр мэдээлэл сэвдэг. Тролл баг хөлсөлдөг. “Ковид-19” цар тахлын үед дижитал авторитаризм дэглэм үйлчилсэн. Үүний сонгодог жишээ нь “Мэдээллийн урсгал” гэх балай хөтөлбөр байсан. Улмаар төрийн байгууллага бүр хэвлэлийн албатай болсон. Энэхүү дижитал авторитаризм дэглэмийг нураахын төлөө хамтдаа тэмцэх ёстой. Хэвлэл мэдээлэл бол эрх чөлөөний галт бамбар юм” хэмээн төр засагт шүүмж дайв.
Форумын төгсгөлд “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн панелистаар МУБИС-ийн НХУС-ийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар, “Zarig.mn” сайтын үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэг, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Н.Сугар, “tsahiur.mn” сайтын үүсгэн байгуулагч Ц.Анхзул, NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг нар оролцож, байр сууриа илэрхийлж, салбарынхаа сайн, мууг хэлэлцэхийг зэрэгцээ сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг хөндсөн билээ.
Ийнхүү бид өнөөдөр алдаа, оноогоо хэлэлцэж, дотооддоо шүүмжлэлтэй хандаж, баяр, гуниг хослуулсан нэг өдрийг өнгөрөөв.